Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллалаа. Тус аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулах асуудлаар ажлын хэсэг байгуулан аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг, орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ШУТИС-тай хамтран боловсруулах юм. Их сургуулийн хотхоныг Даланзадгад хотод 15 га талбайд байгуулахаар төлөвлөснийг аймгийн удирдлагууд танилцууллаа.

Энэ үеэр ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж хамтран ажиллахаар боллоо. Тус аймагт уул уурхай, төмөр зам, эрчим хүч, барилга, мэдээллийн технологийн салбаруудад боловсон хүчин бэлтгэх, харьяа сургуулийг байгуулах чиглэлд хамтран ажиллахаа мэдэгдлээ.

ШУТИС-ийн хувьд өмнө  харьяа сургууль байгуулж байсан туршлагатай учир, хөтөлбөрийн давхардалгүй болгох замаар геологи, уул уурхай, технологийн чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэх юм. Ингэхдээ орон нутагт суралцах оюутнуудад зориулж сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг олгох, багш, ажилтны орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.