Боловсролын салбарт 30-аад жил манлайлан ажиллаж, салбартаа хэрэгжүүлж буй томоохон төслүүд дээр төвлөрөн ажиллаж байгаа "Дөрвөн бэрх" академийн ерөнхий захирал Л.Эрдэнэ багштай уулзан хүүхдийн хүмүүжил төлөвшил хийгээд боловсролын салбарт хэрэгжүүлж буй “Дөрвөн бэрх” төслийн талаар ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэе ээ.
“Дөрвөн бэрх” гээд нэрнээсээ л Монгол ахуй, соёл анзаарагдаж байна л даа. Академийнхаа нэрийг яагаад “Дөрвөн бэрх” гэж нэрлэсэн бэ. Утга учир бэлгэдэл байгаа байх?
Академиа “Дөрвөн бэрх” гэж нэрлэсэн нь олон шалтгаантай. Дөрвөн бэрхийг нүүдэлчин Монголчуудын хамгийн том, цор ганц амьд тоглоом гэж ярьдаг. Уламжлал талаасаа бид “Дөрвөн бэрх”- ээ хаяж, ажил үйлс амьдрал ахуй, заяа төөрөгөө ямар байхыг хардаг билэгшээдэг ард түмэн. Гадны их дээд сургууль, академиудтай танилцаад явж байхдаа би нэг зүйл анзаарсан л даа. Гадаад үзэмжээсээ л тухайн улс үндэстний онцлогийг шингээсэн зүйлс бага харагддаг байлаа.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эрдэмтэн докторуудтай. Хүүхдүүдээ дэлхийн иргэн болгоно гэдэг том зорилготой ч ялгарал ондоошил бага санагдсан. Тиймээс Монголдоо нүүдэлчин монголын өнгө аястай, дэлхийн түвшний сургууль байгуулахаар зорьсон. Хүүхэд залуучуудад зориулсан олон улсын олимпиадууд болдог, шинжлэх ухаан, инновацийн уралдаан тэмцээн болдог төвтэй байх юм.
Анхны зураглал маань, 960 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий сургууль барих. 2012 оны цагаан сараар шавь нартайгаа яг энэ тухай яриа өрнүүлээд сууж байлаа. Нэг шавь маань шагай орхиод 4 бэрх буулгалаа. Гэтэл даам тоглож байсан манай охидын шидсэн даам хананд ойгоод, дөрвөн шагайны яг голд буудаг юм байна. Эндээс л миний гол санаа төрсөн л дөө.
Гэрээ тойрон бэлчиж буй таван хошуу малын дүр зураг. Монгол ахуй уламжлал ялгарал бүгд энд байсан. Монгол гэрээ тойрсон Дөрвөн бэрх буусан шагай цогцолбор байгуулах санаа эндээс л төрсөн. Мэдээж цогцолборын гэрт нь сургууль маань байрлана.
Хонь цогцолборт нь: Олон улсын цирк, кино театр, дэлхийн робот, инноваци, математикийн олимпиадууд, шатрын болон бусад спортын аваргын тэмцээн гээд хүүхэд залуучуудад зориулсан хамгийн том эвентүүдийг зохион байгуулах юм.
Морь цогцолбортоо гаднаас ирсэн багш, хүүхдүүдэд зориулсан зочид буудал болон өндөр зэрэглэлийн зоогийн газар байх юм.
Тэмээн цогцолборт нь: Шинжлэх ухааны музей, дэлгүүр зэрэг “Дөрвөн Бэрх” академиар үйлчлүүлж байгаа зочдод зориулсан нийгмийн үйлчилгээнүүд байхаар зохион байгуулна.
Харин ямаан цогцолбортоо спортын байгууламж байх юм. Ганцаарчилсан болон бүх төрлийн спортоор хичээллэх орон зайг энд үүсгэж өгөх боломжтой. Үндсэндээ”Дөрвөн бэрх” цогцолбор нь гаднаасаа Монгол ахуй, соёл харагдсан, дотроо хүүхэд залуусын хөгжлийн төв байх юм.
Боловсролын чанарын үнэлгээний “EENEE 5J” ПЛАТФОРМОО эхлүүлээд явж байна
Жилийн өмнө тантай уулзахад боловсролын чанарын үнэлгээний төсөл эхлүүлж байсан. Энэ төсөл нь юу болсон бэ?
Том зургаар нь харахад “Дөрвөн бэрхийн хүрээ” төсөл л дөө. Түүний нэг дэд төсөл нь энэ. “Дөрвөн бэрх” академи маань дөрвөн том чиглэлд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсний нэг нь боловсролын чанарын үнэлгээний “Eenee 5J” платформ юм. Боловсролын байгууллагад олон жил ажилласан хүн байна даа: Монголын боловсролын хөгжлийн суурь болох, цаашлаад сургалтын чанартай холбоотой юу хийж болох талаар маш их боддог байлаа.
Тэгээд үүлэн технологиор платформ хөгжүүлэх ажлаа эхлүүлсэн. Бидний амжилттай эхлүүлээд байгаа энэ ажлын ард боловсролын салбарт ажиллаж байгаа эрдэмтэд, математикийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан хүмүүс багаар ажиллаж байна. Нэг ёсондоо боловсролын эрдэм шинжилгээний хүрээлэн байх юм. Төсөл маань хэрэгжээд эхлэхээр боловсролын чанарын үнэлгээ тогтолцоонд маш том үүрэг гүйцэтгэх юм.
Хоёрдох нь: 960 хүүхдийн суудалтай “Дөрвөн бэрх академи”. Олон улсын хөтөлбөртэй сургууль байх юм.
Академи гэдэг нэршил нь Герман Франц, Орос зэрэг европоор дамжин ирсэн их газрын боловсрол дээр суурьласан чиг хандлага юм. Хүүхдүүд маань сурч байхдаа л судалгаа хийж, эрдэм шинжилгээний ажлын суурь арга барилд суралцан, өөрийгөө хөгжүүлж, байнгын лаборатори дотор орц болон эргэлдэж байх ёстой. Үүнийг л сургуульдаа ажил хэрэг болгон хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Одоо явуулж байгаа сургалтууд нь бас нэг хэсэг нь үү?
Тэгэлгүй яахав. Дөрвөн бэрх академийн хувь хүний хөгжлийн сургалтууд бидний төлөвлөгөөний гуравдах хэсэг байх юм. Ер нь хүн гурван зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй. Амьгүй зүйлтэй харилцаж сурах ёстой байдаг. Үүнийг монголчууд нүүдлийн соёл иргэншил уламжлал дотороо маш тодорхой сургасан байдаг. Энэ харилцаанаас ахуйг, тогтвортой хөгжлийн зорилгуудтай хэрхэн нийцүүлэн амьдрах вэ гэдэг суурийг тавьж өгдөгөөрөө онцлог.
Дараагийн асуудал нь: Хүүхэд амьд байгальтай хэрхэн харилцах вэ. Уул ус ургамал амьтан экологийн тогтвортой байдал, цаг уур газарзүйтэй холбоотой амьд байгальтай хэрхэн харилцах тухай юм. Байгаль өөрөө хүний энергийг дэмжиж өгдөг. Гэтэл хүн байгальтайгаа харьцахгүй, байгалиас энергиэ авч чадахгүй болохоор, нөхөхийн тулд химийн гаралтай зүйлс хэрэглэж байна. Тэгэхээр үүнд зориулсан сургалтууд зайлшгүй хэрэгтэй.
Гуравдах чухал харилцаа нь: Хүн хүнтэйгээ харилцах харилцаа юм. Энэ нь хүний зүрх сэтгэлтэй харилцаж байгаа харилцаа юм.
Эхээс төрөхдөө л хүний тархи уураг гүйцэд хөгжөөгүй байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам хүний тархи хөгжиж, хөгжихийн хэрээр, байгаль эх дэлхийнхээ эсрэг, амьгүй зүйлсийг байгальд ээлтэй бусаар орлуулан гаргаж байна. Байгалийн хуулиас давсан хүний нийгмийн хууль гаргаад байгалиа сүйтгэж байгаа.
Тиймээс эдгээр 3 төрлийн харилцаанд өдөр тутамдаа суралцах хэрэгтэй. Энэ бол боловсролын тухай, инженер математикч болох тухай ч яриа биш. Үүний тулд хувь хүний хөгжлийн сургалтууд хэрэгтэй байгаа юм. Тиймээс “Дөрвөн бэрх” академи хувь хүний хөгжлийн сургалтуудаа нас хүйс шашин шүтлэг үл харгалзан явуулж, нийгэмд үйлчилж байгаа нь, бидний 3 дах том ажил юм.
За тэгээд дөрөвдөх том чиглэл нь боловсролын чиглэл дээр хүний хөгжлийн үйл ажиллагааг дэмжсэн тодорхой хэмжээний бизнесийн үйл ажиллагаа байх юм.
Ийм том хэмжээний төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн асуудал маш чухал. Хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдэж байгаа вэ?
Том зүйлийг томоор нь барьж аваад ард нь гарна гэдэг амаргүй. Хэцүү гэж шантралгүй алхам алхмаар шийдээд явна. Эхний ээлжинд сургуулийнхаа суурийг тавиад сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Залууст зориулаад хувь хүний хөгжлийн сургалтуудаа хийж байна. Байгууллагуудын ажилчдад зориулсан хувь хүний хөгжлийн сургалтууд ч манайд бий. Мөн чанарын үнэлгээний платформоо, мөн хөгжүүлээд явж байна. Хувь хүний хөгжлийн “эртэч монгол эерэг сэтгэлгээний давалгаа” сургалтууд яваад эхэлсэн. Барилга байгууламжаа бариагүй ч сургалтууд бол эхэлсэн.
Дөрвөн бэрх академи ямар ямар сургалт явуулж байна вэ?
- Өнөөдрийн байдлаар математикийн сургалт голлон явагдаж байна. Ихэнх цагтаа сурагчидтайгаа хамт байдаг болохоор зөвхөн мэргэжлээс гадна бусад судалгаануудыг нарийн хийдэг. Академийн сурагчид маань долоо хоногтоо хуваарийн дагуу хоёр өдөр ирдэг. Одоогоор математикийн хоцрогдол арилгах, анги дэвших шалгалтад болон ЭЕШ-д бэлтгэх тал дээр төвлөрөн ажиллаж байна. Мөн дээр хэлсэнчлэн байгууллагын болон хувь хүний хөгжлийн сургалтууд явагдаж байна.
-Дөрвөн бэрх академийн ойрын зорилго болоод алсын хараа юу вэ?
-Ойрын зорилго гэвэл дунд сургуулийн сурагчдаа ЭЕШ-д амжилттай бэлтгэх Англи хэлний сургалттай болно. Америкийн их сургуульд суралцах хүсэлтэй оюутнуудад боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Энэ ажил маань алсдаа гадаадын их дээд сургуулиудад оюутнуудаа тэтгэлгээр сургах боломжийг нээх юм. Мөн ирэх жилээс байгалийн ухааны хичээлүүд нэмэгдэнэ.
“Эцэг эхүүд өөрийн ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДААГҮЙ ХҮСЭЛЭЭ ХҮҮХДЭДЭЭ ТУЛГАДАГ”
Ирээдүйн зөв Монгол иргэн гэж хэнийг хэлэх вэ. Хэдэн настайгаас нь хэрхэн бэлтгэх ёстойг та хамгийн сайн мэдэж байгаа байх?
Боловсролын хүрээлэн дээр яг энэ чиглэлийн судалгаа хийгдэж эхэлсэн байгаа. Монголчуудын бие организм жарны мөчлөгөөр хувьсан өөрчлөгддөг. Хүний бие организм 12 жилээр, 5 махбодь болгонд өөрчлөгдөж байдаг. Нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй ч бид байгальтайгаа ямар нэг сэжмээр холбоотой. Тэр холбоосоор бидэнд ирж байгаа энергийг, бид орчин цагийн шинжлэх ухаанаар заримыг нь тайлбарлаж чадахгүй байна л даа.
Тиймээс монгол хүний хөгжил 5 10 20 жилээр өөр өөр байгаа юм. Анхны төрт улс байгуулагдсан, Хүннүгийн үеэс л монголчууд хүүхэдээ гэрийн хүмүүжлээр хүмүүжүүлж ирсэн. Хүүхдүүдээ хажуудаа дагуулаад сургаад явах хэрэгтэй. Юу хийж байхдаа хүүхдийн нүүрэнд нь баясал төрж, байна. Юу хийхдээ хүүхэд уурлаж, нозоорч байгааг эцэг эхчүүд мэддэггүй. Үүнийгээ мэдэхгүй болохоор хүүхдийн хүмүүжилд яаж туслах вэ дээ.
Харин орчин цагийн философитой холбон боловсролын хөгжлийн суурийг тайлбарлаж болно. Одооны хүүхдүүд тогтож сууж чадахгүй, сахилгагүйтэх гээд л годгоноод байдгийг та анзаарсан л байлгүй. Энэ нь хүйтэн чанартай хоол хүнс, ундаа хэрэглэснээс биед нь, хий үүссэнтэй холбоотой. Бие организм нь бэлтгэгдээгүй үед, ямарч хичээл зааж сургах боломжгүй л дээ. Зарим эцэг эхчүүд амьдралынхаа хэрэгжүүлж чадаагүй төлөвлөгөөг хүүхдэдээ хүчээр тулгах гэж оролддог. Энэ маш буруу хандлага.
Угтаа бол хүүхдийнхээ мөн чанарыг олж нээн, хүсэл сонирхолд нь нийцүүлэн өөрсдөөр нь сонголт хийлгэх боломжийг олгох хэрэгтэй. Үүн дээр л “Дөрвөн бэрх” академи маань гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Нэг ёсондоо бид эцэг эхчүүдэд зөвлөж, хүүхдүүдийг нь зөв, үр дүнтэй сургахад нь гол анхааралаа хандуулан ажилладаг.
Сургалтад сууж байгаа хүүхдээ оношлодог гээд байсан нь ийм учиртай байх нээ?
Тийм. Багш нартаа бид хүүхдээ судлах шаардлагыг хамгийн түрүүнд тавьдаг. Багшийн ажлыг 100 хувь гэж авч үзвэл, 50 хувьд нь хүүхдээ судлах ёстой. Хүүхэдээ сайн судлаж байж, тухайн хүүхдийн онцлогт тохирсон сургалтын төлөвлөгөөг гаргадаг. Тухайлбал давуу болон сул тал нь 50-50 хувийн харьцаатай байлаа гэж бодьё. Ийм тохиолдолд зөвхөн сул талыг нь яриад байж болохгүй л дээ.
Ингэснээр хүүхэд зөвхөн сул талаа бодсон өөртөө итгэлгүй, аймхай, шинийг сэтгэх бүтээх чадваргүй, бусадтай харилцахдаа сул талыг нь хардаг хүн болж хувирдаг. Эсрэгээрээ аль болох эерэг дадалтай болгосноор нийгмийн харилцаанд орохдоо давуу талаа олж хардаг болдог. Тиймээс хүүхдийн хүмүүжлийг багаас нь анхаарч, суурийг нь маш зөв тавьж өгөх хэрэгтэй.
Хүүхэд бүрийн онцлогийг нь олоод, мөн чанарт нь дөрөөлж сургалт хийхэд сургалт үр дүнтэй болдог.
“Дөрвөн бэрх” академи багш нараа хүүхэдээ судлах судлаач болоход нь бэлтгэдэг. Физикийн багшийг, физикийн хичээлд бэлтгэх биш, сурагчдаа судлах орчин нөхцөлөөр нь хангаж өгнө. Нэг ёсондоо багш нэг ангид сурч байгаа 25 сурагчийн ертөнцөөр аялж, 25 өөр ертөнцийг нээж чаддаг байх хэрэгтэй. Тэгэхийн тулд бид багш нараа өөрсдөө бэлддэг.
“Дэлхийн топ сургуулиуд ЗОРИЛГО НЬ ТОДОРХОЙ ЗАЛУУСЫГ сургах сонирхолтой байдаг”
Урд хөрш маань күнзийн сургаалиараа хүүхэд залуусаа хүмүүжүүлээд, Хятад хүн ийм үзэл санаатай ийм байх ёстой гэх зэргээр зорилго нь тов тодорхой байдаг. Залуус нь зорилготойгоор хөгжөөд байхаар, улс орон нь ч хурдацтай хөгжөөд байх шиг. Гэтэл манай улсад хүүхэд залуусаа хүмүүжүүлэх сургааль арга ухаан байна уу?
Байлгүй яахав. Зүйр цэцэн үг байна. Зүйр цэцэн үгийнхээ мөн чанарыг ойлгон, гаргаж чадахгүй байна. Күнзийн сургааль, Буддын сургаалиуд нь хүнд энгийнээр ойлгуулан гаргаж ирсэнээрээ өөр болохоос, агуулга нь зүйр цэцэн үгэн дотор байж л байдаг. Зүйр цэцэн үгийг энгийнээр тайлбарлахаар, явцын дунд сарниад замхарах магадлал өндөртэй. Бид өөрсдийн сургаалиа хэлэлцэхгүй байж, Еврейчүүд хүүхэдээ хэрхэн хүмүүжүүлж байна, Япончууд ямар байна гэдэг.
Угтаа бол уламжлал дотроосоо ухвал бүгд байгаа. Цэрэг арми, дайн тулаан, хоол хүнс, унаа уншлага газарзүй геополитик гээд бүгд байна. Энэ бүхнийг орчин цагийн хэлээр судлавал, дэлхийн монгол брэнд гарах бүрэн боломжтой. Өөрийн гэсэн уламжлалт сэтгэлгээтэй, түүнийгээ орчин цагийн шинжлэх ухааны аргаар тайлбарлан, статистик судалгааг нь харуулахаар, Дэлхийн хаана ч манай хүүхдүүдийг уухайлан хүлээж авна.
“Дөрвөн бэрх”-ийн төслийн туршилт судалгаа хийх цогцолбор маань ч үүнтэй холбоотой. Энэ суурийг л бид тавьж өгөх гээд байгаа юм. Ямарч үед бид нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой уламжлалаасаа салж болохгүй. Инноваци оруулж ирэхдээ ч мөн чанрыг нь алдагдуулахгүйгээр аваад явах чадамж байх ёстой.
Ахлах ангиа төгсч байгаа залуус монголдоо дөрвөн жил сураад бие хүн болж төлөвшсөнийхөө дараа гадаадад суралцах хэрэгтэй юу. Эсвэл шууд бакалавраа гадаадад тэтгэлгээр суралцсан нь зөв үү. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?
Монголчуудын уламжлалтай холбож үзвэл эрэгтэй хүн 25 нас, эмэгтэй 21 нас хүрээд өөрийгөө бүрэн олдог гэдэг. Өөрийгөө олно гэдэг нь гадны соёл шашин, сайн муу хүмүүсийн үг үйлдэлд автахгүй байх чухал чадвар суусан гэсэн үг. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн үзэл бодолтой, шийдвэр гаргах чадвартай, үзэл бодлоо хамгаалах зэрэг суурь дадлууд хангалттай суудаг нас.
Тиймээс Монголдоо бакалавраа хийгээд 4 жил сур. Төгсөөд магистрт яв гэж зөвлөнө. Ер нь бакалаврт явж байгаа оюутнуудын хувьд зорилго нь тодорхойгүй байдаг. Харин магистрт явж байгаа оюутнуудын зорилго маш тодорхой, докторт явж байгаа хүмүүсийн зорилго бүүр ч тодорхой байдаг.
Дэлхийн топ сургуулиуд бол маш тодорхой зорилготой хүмүүсийг л сургах хүсэлтэй. Харвардын их сургууль гэхэд л магистр, доктороор сурч байгаа оюутнууд их. Яагаад гэхээр бакалаврын зэрэг нь дэлхийн топуудын өрсөлддөг талбар биш байхгүй юу. Төгсөөд, улс орондоо ямар үүрэг рольтой ажиллаж амьдарч байгаа нь тэдэнд чухал.
Харвардад сурч байхдаа шинжлэх ухааны чиглэлээр ямар ямар судалгаа хийв. Ямар багт ямар үр дүнтэй ажиллав. Энэ нь тухайн сургуулиудын потенциал ранкийг илэрхийлдэг.
Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
Илүү их мэдээлэл авахыг хүсвэл "Дөрвөн бэрх" академийн page хуудасаар зочилоорой
https://www.facebook.com/DurvunBerkhAcademy