Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг 2022 оны гуравдугаар сарын  21-ний  өдрөөс тавдугаар сарын  2 - ны өдрийг хүртэл бүртгэсэн. Энэхүү тэтгэлэгт их дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагч, ОУ-ын болон үндэсний соёл спортын тэмцээн  уралдаан наадамд тэргүүн байр эзэлсэн оюутнууд, гадаадын их дээд сургуульд магистр докторын хөтөлбөрт суралцах иргэд оролцжээ. Тэтгэлгийн бүртгэлээр гадаадын их дээд сургуульд суралцахаар докторын хөтөлбөрт 4, магистрын хөтөлбөрт 73 иргэн материалаа ирүүлсэн байна. Үүнээс эхний шатны буюу дэлхийн топ 100 сургуулийн нэгэнд  тэнцсэн, IELTS-ийн 7 оноотой шалгуур хангасан 32 иргэн Хоёрдугаар шат буюу ярилцлагын шатны сонгон шалгаруулалтад оролцжээ. Ярилцлагын шатны сонгон шалгаруулалтыг БШУЯ, ЗГХЭГ, эрдэмтэн докторуудын төлөөлөл оролцон шалгаруулах юм. Эхний шатанд тэнцсэн 32 иргэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог “Times Higher Education World University Rankings”    “Academic Ranking of world Universities”  байгууллагын тогтоосон эрэмбээр эхний 100 их дээд сургууль болох University of Oxford , Harvard University  болон Stanford University зэрэг сургуулиудаас суралцах урилга аваад байгаа ажээ.