Б.ОД

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд өнгөрсөн  амралтын өдрүүдэд "Найрамдал", "Нарс", "Жавхлант", "Нарлаг", "Анар" зусланд ажиллажээ.

Хүүхдүүдээ хүлээж авах бэлтгэл ажлын явц, орчин нөхцөлтэй нь танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон байна. Улсын хэмжээнд 56 зуслан бүртгэлтэй байдгаас 23 нь орон нутагт, 33 нь Улаанбаатар хоттой ойрхон байна.

"Найрамдал" зуслан зургаадугаар сарын 3-наас хүүхдүүдээ хүлээн авч эхэлнэ. Засвар тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд нь төсвийн хүндрэлээс үүдэж цаг алдаж бас жил өнжсөн асуудлууд энэ зусланд бий. Үүнд дулаан хангамж, усан спорт цогцолборын бүтээн байгуулалт, байрны засвар үйлчилгээ багтана.

Хувийн хэвшлийн зуслангуудад тулгамдаж буй нийтлэг асуудал нь газрын төлбөр. Газрын төлбөр өндөр байгаа нь санхүүгийн хувьд том ачаалал үүсгэдэг гэдгийг зуслангийн үйл ажиллагаа эрхлэгчид ярьж байна. Мөн төрийн байгууллагын зарим алба хаагчдын хүнд суртал үйл ажиллагаанд нь нөлөөлдөг гэдгийг хэлэв.

Эх сурвалж:www.polit.mn