Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1-цэцэрлэгийн Эрхлэгч Л.Алтаншагайтай ярилцлаа. Хүүхдүүдээ дэлгэцийн донтолтоос хөндийрүүлж хийсэн бүтээлч ажил нь, амжилттай болж олон эцэг эхчүүдийн талархалыг хүртээд байгаа аж. 

 

 

-Сошиал  дээр танай цэцэрлэгийн содон зурагнуудыг хараад холбогдож байна. Орон нутагт тэр дундаа суманд ийм бүтээлч цэцэрлэг байгаа нь өөрийн эрхгүй ярилцах хүсэл төрүүллээ. Энэ ажлыг хэзээнээс санаачилж хийх болов?  

-Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Дэлгэцийн донтолтоос сэргийлье, эрүүл мэндээ хамгаалья” нэртэй аян явагдсан. Энэ аяны хүрээнд онцгойрсон шинэлэг ажил хийх зорилготойгоор, хамт олноороо шийдээд нэг унтлагын өрөөгөө тохижуулаад, хүүхдүүдээ бүтээлчээр амьдрах ухаанд сургадаг кабинет болгон өөрчилсөн. Анхны санааг манай аргазүйч багш гаргасан л даа.

Хүүхдүүдээ ойр зуурын ахуйн ажилд тусладаг бүтээлч хүмүүс болгон хүмүүжүүлэхийг зорьсон.

Гэртээ очиод гар утас зурагт үзэхээсээ илүү ээж аавдаа туслаад, аяга тавагаа   угаадаг, онгорхой цоорхойгоо оёод  өмсдөг, усаа буцалгаад, өндөгөө шараад идэх зэргээр өөрөө хийж бүтээж, сурах танхимыг тохижуулсан.

“Би өөрөө” нэртэй хөтөлбөр л дөө. Тоглоомоор дамжуулан, хүмүүжил чадвар олгох  зорилготой  нэг өрөөгөө тохижуулсан.

 

 

-Ус буцалгаж өндөг шарна гэхээр аюулгүй байдлыг нь хэрхэн хангах вэ?

-Мэдээж аюулгүй байдал талаас нь анхааралгүй яахав. Түлэгдэхгүй болгоомжтой ажиллах анхны зааварчилгааг багш сайн өгнө.

-Энэ хичээлдээ хүүхдүүд орох дуртай байхдаа?

-Тэгэлгүй яахав.  Өглөө хүүхдүүдээ хүлээж аваад, цай ундыг нь өгсөний дараа сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлдэг. Хичээлийн хажуугаар сонголтын бүлгийн цаг гэж ордог. Тэр цагтаа хувиарын  дагуу бүтээлч танхимдаа орно. Манай хүүхдүүд бүтээлч танхимдаа орох их дуртай.

Оёдлын машинаар оёхоос гадна гар оёдол заана. Хөвгүүд охидуудаасаа илүү мундаг  оёж байгаа. Хичээл зааж суухаасаа  илүү тоглоомоор дамжуулан ур чадвар олгох хандлага олон улсад давамгайлж байна л даа.

Тэр ч утгаараа эмнэлгийн тусламж үйлчилгээ, гал тогоо зэрэг жижиг мини хэрэгслүүдийг  шийдээд өгсөн. Хүүхдүүд маань жимс ногоогоо өөрсдөө арилгаад, алимны  салад зэргээ өөрсдөө хийгээд иддэг болсон.

Ахлах бэлтгэл ангийн 4 5 настай хүүхдүүд яг  бүтээлч  ажил хийхэд таараад байдаг.

 

 

-Танай цэцэрлэгийг хараад хотод ийм цэцэрлэг юу билээ л бодогдсон. Тохижуулахад хэр хүндрэлтэй байсан бэ?

-Төсвийн байгууллага учраас төсөв хөрөнгө байхгүй л дээ. Санаа нь гоё байсан учраас, хамт олноороо дэмжээд, нэг удаадаа цалингаасаа гаргахаар шийдсэн. Юуны тулд хүүхдийн төлөө ажилладаг хүмүүс билээ. Нийт 4 сая төгрөг цуглараад, обой таазыг нь хуулаад, нэг өрөөгөө шинэ юм шиг л зассан. Ерөнхийдөө хамт олны маань л дэмжлэг санаачилгаар боссон доо.

 

-Ногоо тарьж үрсэлгээ хийдэг юм байна. Хүүхдүүдтэй хамт хийдэг үү?

- Тэгэлгүй яахав. Хүүхдүүдтэйгээ хамтраад 1500 -аад үрсэлгээ хийсэн байгаа. Хөдөө цэвэр  агаарт болохоор гадаа тоглонгоо хийдэг. Хүүхдүүд ёстой хөөрхөн.  Багшаа үрсэлгээгээ  хэзээ гаргах уу,  ногоогоо хэзээ  тарих уу гээд л байнга асууна. Өнгөрсөн жил ковидтой байсан учраас хүлэмжиндээ өргөст хэмх, улаан лоолио өөрсдөө тарьсан. Харин энэ жилээс хүүхдүүдтэй тарьж байна. Цэцэг тарина. Сонгино тарина.

Байгууллагынхаа буланд  сонгиноо тариад ургахаар нь хоолондоо хэрэглэдэг. Аль болох хүүхдүүдээрээ  өөрсдөөр нь оролдлого хийлгэж, бүгдийг өөрөө хийж сурахаас гадна, эко амьдрах аргыг заахыг хичээдэг. Манай цэцэрлэг олон улсын эко сургууль  цэцэрлэгийн  хөтөлбөрт хамрагдаад, байгаль орчины мэдээлэл сургалтын төвөөс зохион байгуулдаг, анхан шатны шалгуурыг нь хангаад, эко цэцэрлэгийн хүрэл гэрэгэ өргөмжлөл авсан.

Байгаль дэлхийгээ эко ногоон байлгах зорилгоор хогоо ангилж хаядаг болсон. Хуруу зайгаа цуглуулж зориулалтын газар нь өгч байна. Цэцэрлэгийнхээ гадаа өнгөрсөн жил биеийн тамирийн талбайтай болсон. Туршилтын  талбайдаа, үрсэлгээгээ  хийгээд намар ургацаа  аваад,   хүүхдүүдийнхээ хоол хүнсэнд зориулдаг болсон.

 

 

-Хүүхдүүд нь ажилсаг болохоор ээж аавууд дуртай байна уу?

-Эцэг эхчүүд их сайхан хүлээж авч байгаа. Манай хүүхдүүд гэртээ ирээд, ширээгээ цэгцлээд аяга тавгаа угаадаг болсон. Онгорхой цоорхойгоо оёдог болсон. Би чаддаг болсон гээд л зүү сүвлээд л  хөөрхөн байгаа гэдэг.

Ер нь хүүхдийг бага гэлтгүй оролцуулах хэрэгтэй. Яг юм хийх гээд сонирхож байхад нь, цаашаа нь түлхэж болохгүй. Ахлах бэлтгэл ангийн 4, 5 насан дээрээ хүүхдүүд бүтээлч ажил хийх дуртай адтай байдаг.

 

-Танай цэцэрлэг хэдэн ажилтантай вэ?

      -Манай цэцэрлэг нийт 31 ажилтантай. 1976 оноос 44 дөх жилдээ үйл  ажиллагаа явуулж байгаа. Анхны эрхлэгч Д.Дашзэвэг гуай маш олон жил удирдаж, сайхан авч явсан. Дараагийн З.Сэлэнгэ эрхлэгчийн үед улсын тэргүүний цэцэрлэг болж байсан. Би гуравдах эрхлэгч нь.

Цэцэрлэгтээ 19 дэх жилдээ ажиллаж байна. Мундаг хамт олонтойгоо гар нийлж, нэг зорилготой амжилттай ажиллаж байгаадаа баярлаж талархаж явдаг.

Хамт олноороо бахархдаг. Манай нэг жижүүр ах мужаан болохоор маш их ажил нугалж өгсөн. Зурагаа  гаргаад  өгвөл  яг л хийдэг.