Элчин сайд Б.Ганболд 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Солонгосын Гадаад судлалын Их сургуулийн Монгол хэлний тэнхмийн эрхлэгч Ким Ги Сон, тус тэнхмийн Магистрын ангийн анхны төгсөгч болж буй оюутан Ким Жэ Мүг, Шин Мин Сон нарыг ЭСЯ дээр хүлээн авч уулзаж, баяр хүргэн “Элчин сайдын Хүндэт өргөмжлөл” гардуулав.

Гадаад судлалын Их сургуульд Монгол хэлний бие даасан тэнхим анх 2009 онд байгуулагдаж, 2016 оны хичээлийн жилээс магистр, докторантын ангийг шинээр нээсэн бөгөөд эдүгээ 112 оюутан бакалавр, 6 магистр, 3 докторант монгол хэл, соёлын мэргэжлээр суралцаж, ийнхүү 2018 оны 2 дугаар сард магистрын ангийг анхны 2 оюутан төгссөн байна.

Монгол судлалын тэнхим нь монгол хэл, түүх соёл, зан заншил, уран зохиол зэргийг судлаж, жил бүр Монголын талаар товхимол хэвлүүлэх, Эрдэм шинжилгээний бага хурал хийх, Солонгосын “EBS” гэх боловсролын сувгаар Монголын тухай цуврал нэвтрүүлэг гаргах, “Монгол гэр” фестиваль зэрэг Монгол орныг сурталчилсан арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд Монгол судлалын залгамж халаа, залуу үеийн судлаачдыг бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй болно.

Image may contain: 2 people, people smiling, people standing and suit

Тус ЭСЯ-ны зүгээс суугаа оронд Монгол судлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж буй бөгөөд энэ онд Солонгосын Монгол судлаач 5 эрдэмтэнд Монгол Улсад зорчих 5 жилийн хугацааны олон удаагийн виз олгох ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Түүнчлэн, дээрх Их сургуулийн Монгол хэлний тэнхимтэй хамтран жил бүр Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, илтгэл тавих, ном товхимол хэвлүүлэх, Монгол судлалын чиглэлээр онц сайн суралцсан оюутнуудад “Элчин сайдын хүндэт өргөмжлөл” гардуулах зэргээр нягт хамтран ажиллаж буй болно.