ESA, П. УНДРАА
Шинэ үеийн залуусыг ярилцлагын ширээнээ урилаа. Тэд найзууд. Joe, Зоригоо хоёул дунд сургуулийн 12-р ангид сурцгаадаг. Ирээдүйд нэг нь “Youtube энтертаймэнт”- ийг хөтөлж, харин нөгөө нь “Google” эсхүл “НАСА”-д ажиллах том мөрөөдөлтэй. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд зорилго хэмээх шатаар нэгэн жигд хурдаар алхаж яваа тэд өнгөрсөн сард Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон НҮБ-ын загвар хуралд эх орноо төлөөлөн оролцоод ирсэн юм. Иймээс явсан газрын сонин сонсохоор яриа эхлүүлсэн атал насандаа баймгүй “хэрсүү” нөхдийн яриа уртаас урт үргэлжлэхэд хүргэж орхилоо.
ESA— Hi, залуус аа. Өөрсдийгөө танилцуулаач?
— Намайг Joe гэдэг. Би “Сант” сургуулийн 12Д ангид сурдаг. Харин намайг Х.Батзориг гэдэг. “Ирээдүй” цогцолбор II ахлах сургуулийн 12-р ангийн сурагч байна.
“Сант” сургуулийн 12Д ангийн сурагч Joe
“Ирээдүй” цогцолбор II ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Х.Батзориг
ESA— Явсан газрынхаа сонин сайхнаас хуваалцаач?
Joe — Бид “Бидний хүсч буй ирээдүй” нэрийн дор өнгөрсөн гуравдугаар сарын 9-11-ний хооронд зохион байгуулсан НҮБ-ын загвар хуралд оролцоод ирсэн. Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон энэ хуралд дэлхийн 135 орны 2500 гаруй хүүхэд оролцсоноос Итали, Африк, Тайланд, Филиппинээс хамгийн олуулаа ирсэн харагдсан. Харин Монголын хоёр баг явсаны нэг нь манайх, нөгөө нь “Хобби”, “Шинэ эрин” сургуулиас нэгдсэн баг байлаа. Манай баг дөрвөн хүү, гурван охинтой. Эндээс тав нь “Сант”-ынх, нөгөө нь “Шинэ эрин”, “Ирээдүй” цогцолборын сурагчид. Бид “Гэрэлт ирээдүй” клубын гишүүд юм.
ESA— Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үе тэнгийнхэн чинь юуны тухай ярилцсан бэ?
Joe — Хуралд оролцож байгаа хүүхдүүд хороонд хуваагдсан. Манай хороо энхийг сахиулах үйл ажиллагаа бусад оронд хэрхэн нөлөөлдөг талаар хэлэлцсэн. Тэгээд “Энэ нь зөв үү, тухайн улсад ямар эерэг өөрчлөлтийг авчирдаг вэ, цаашид явуулах уу” гэхчилэн олон талаас нь нухацтай авч үзсэн.
Х.Батзориг — Би бол өөр багийнх. Манайхан байгаль орчныг хамгаалах чиглэлээр, тэр дундаа Палистиныг онцлон хэлэлцсэн. Тус орны усны нөөц, ядуурлаас гарах арга зам гэхчилэн. Хороо тус бүрийн хуралд НҮБ-ын төлөөлөгч суух бөгөөд хурлын үр дүнг харж, дүгнэдэг. Нөгөө талаас ирээдүй болсон хүүхдүүд дэлхий нийтэд анхаарал татсан асуудалд хэрхэн хандаж байгааг ажигладаг юм билээ. Тэгээд бидний хэлэлцсэн асуудал НҮБ-д тайлан маягаар очдог. Энд зөвхөн хүүхэд гэлтгүй 40 настай хүн ч оролцсон. Бүгд л өөр өөрийн зорилготой гээч. Тухайлбал, Конго улсаас ирсэн 25 настай оюутан гэхэд Нью-Йоркт мастераар суралцаг. Яваандаа НҮБ-д Конгийн төлөөлөгч болох хүсэлтэй гэсэн.
ESA— Олон найзтай болсон уу?
Joe — Очсон анхны оройдоо албан ёсны танилцах өдөрлөг болсон. Маргааш орой нь “Grand Hyatt” зочид буудалд үдэшлэг болсон. Энд хүүхдүүд үндэсний хувцсаа өмсөж очих ёстойг урьдчилан и-мейлээр мэдэгдсэн юм. Манай хөвгүүд монгол цамц, охид үндэсний загвартай даашинзаараа гоёсон. Үндэсний дээл хувцсаараа гоёсон учраас монгол гэж мэдэхгүй юм аа гэхэд азиас ирсэн болохыг маань төвөггүй мэдсэн байх аа.
ESA— Ер нь ямар шалгуураар уг загвар хуралд оролцдог юм бэ?
Joe — Эхлээд “My mun” сайтад багаа бүртгүүлж, дараа нь ахлагчийн хувьд эссэ бичиж явуулсан. Мэдээж өмнө нь бичих сэдвээрээ багийнхан маань ярилцсан.
Х.Батзориг — Манай группийнхэн бол өөрийгөө хөгжүүлэх хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн хүүхдүүд байгаа юм. Хүн чинь өдөр ирэх тусам хөгжиж байдаг. Тэр утгаараа хөгжлийг алдахыг хүсдэггүй бөгөөд өдөрт нэг алхам гэж зорьдог. Эссэгээ бичихдээ ч ярилцаж байгаад бичсэн. Үүнээс өөрөөр айхтар хатуу дүрэм байхгүй ээ. Өнөөдөр дэлхий ертөнц даяаршаад, авахыг хүсвэл бүх мэдээлэл нээлттэй болсон байна шүү дээ.
ESA— Зардлыг нь хаанаас гаргасан бэ?
Joe — Замын зардлыг ээж, аав маань гаргасан. Харин хурлын хоёр хоногийн буудлын төлбөрийг цаанаасаа гаргадаг юм билээ.
Х.Батзориг — Нэг хүүхдээс 1500-2000 ам.долларын зардал гарсан. Мэдээж энэ бол их мөнгө. Гэхдээ ээж, аавын зүгээс бидний ирээдүйд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт болсон.
ESA— Багийн ахлагч гэдэг утгаараа хариуцлага хүлээх нь байна шүү дээ. Эмээж байв уу?
Joe — Сандралгүй яах вэ. Анх удаа олон улсын хуралд оролцож байгаа учраас сэтгэл түгшиж байсан. Хилийн дээс алхаад л хувь хүн биш монгол хүүхдүүд л гэж хэлүүлнэ. Харин очоод орчиндоо их хурдан дассан. Монголоос минь нэг их ялгаагүй ч юм шиг. Гэхдээ монгол хоолоо их санасан. Бээжинд нислэг хүлээсэн 19 цагт хятад хоол сонин санагдахаа больсон. Бас Америкт идсэн түргэн хоол ч ялгаагүй. “Гадаадад хүмүүс олон жилээр яаж амьдардаг байна аа?” гэж өөрийн эрхгүй гайхсан шүү. /инээв/
Х.Батзориг — Гэхдээ Америкт долоохон хоносон хэрнээ хэзээний мэддэг мэт санагдаж байсан. Цаг агаарын хувьд ч монголтой төстэй юм билээ.
ESA— Та нартай хамт том хүн явсан уу?
Joe — Асран хамгаалагчаар “Интермэд” эмнэлгийн нойрсуулах эмч Н.Батгомбо ах маань цуг явсан. Бидний маш их хүндэлдэг хүн байгаа юм. Манай багийн Анужингийн аавынх нь найз л даа.
ESA— Үүнээс өмнө олон улсын ийм арга хэмжээнд оролцож байв уу?
Joe — Монголдоо “ESМUN2017”, “UBMUN2017” гэж хоёр хуралд оролцож байсан.
Х.Батзориг — Би ангийн багш Н.Болормаа болон хоёр найзынхаа хамтаар Японд болсон олон улсын хүүхдийн хуралд оролцож байсан. Үүний өмнө уг арга хэмжээнд оролцохыг хүссэн хүүхдүүд гурав гурваараа мэтгэлцдэг. Эндээс бид шалгарсан юм. Үнэндээ мэтгэлцээнийг боловсон хэрүүл гэж боддог байлаа. Тэгсэн ташаа ойлгож байсан байна лээ. Мэтгэлцээн бол өөрийгөө ялж сурах хамгийн том шалгуур байсан.
ESA— Ингэхэд “Гэрэлт ирээдүй” клуб хэзээ байгуулагдсан юм бэ?
Joe — Байгуулагдаад удаагүй ээ. Өнөөдөр хүүхдүүд нийгмийн ямар ч идэвхигүй, урсгалаараа явж байна шүү дээ. Харин бид үүнийг өөрчлөхийг хүсдэг. Тиймээс энэ бол үзэл бодлоороо нэгдсэн хүүхдүүдийн клуб юм. Сайн дурынх учраас арга хэмжээний үеэр л уулзацгаадаг. Өмнө нь бид нэг асрамжийн газарт хандив өгсөн. Бас Туул голынхоо эрэг орчмыг цэвэрлэсэн. Энэчлэн үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөн олон ажил бий.
Х.Батзориг — Магадгүй асрамжийн газарт очиж, Туулын эргээр хог түүсэн гэхээр хүмүүс “Байдаг л зүйл” гэж харж мэднэ. Энэ бол эхлэл. Эндээс үүдээд ярихад биднээс ахмад 30,40 гарсан ах эгч нартай уулзахаар “Чи юугаа мэддэг юм. Жоохон хүүхэд юм байж” гэж хүлээж авдаг. Тэгж хэлэхгүй хэрнээ харцнаас нь л шууд мэдрэгддэг. Энэ нь нэг талаараа хэцүү байдаг юм аа. Үнэндээ энэ бол ирээдүйн эзэд болсон залуусын урмыг хугалж байгаа хэрэг гэдгээ анзаардаггүй байх аа. Бидний нийгмийн оролцоог зөвхөн өнөөдрөөр биш маргаашаар хараасай гэж боддог юм. Энэ бол ирээдүйн үр хүүхдүүдэд маань ч хамааралтай. Боловсрол, түүх, соёл гэхчилэн маш олон сэдвээр бидэнтэй ярилцаж болно. Бас зөв сэдэл төрүүлэх хэрэгтэй юм. Бид эрүүл ухааныг өвлөж, бас өвлүүлнэ шүү дээ.
ESA— Үе тэнгийнхэн чинь чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?
Х.Батзориг — Хүүхдүүд компьютер их тоглодог. Би өөрөө ч тоглодог л доо. Тоглож болно, гол нь цагийн юмыг цагт нь амжуулах ёстой. Мэдээж хүн тоглоомоор амьдрахгүй. Яах вэ амьдардаг хүмүүс байдгийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ монголын нөхцөлд ингэж амьдарна гэвэл чадахгүй. Үүнийг өсвөр үеийнхэн ойлгохгүй ээ. Хөгжилтэй байдлаар ойлгуулах гэж үзэхээр зарим нь илт дургүйцэн хараал хэлнэ. Нөгөө нь “Яах вэ дээ, ганц өдөр шүү дээ” гэхээр нь би ч наргиан болгоод өнгөрдөг. Гэхдээ сэтгэлийн мухарт жоохон юм үлддэг л дээ. Ялангуяа сайн найзууд маань ойлгохгүй үед хэцүү.
ESA— Та хоёр найзлаад удаж байна уу. Сургуулийн орчноос хамаараад үзэл бодлын ялгаа гардаг уу?
Joe — Бид үзэл бодол нийлдэг учраас найзалдаг. “Дотор хүн” маань олон талаараа төстэйг анх уулзаад л мэдэрсэн. Тэгээд сая Америк яваад илүү дотносох болсон. Сурч байгаа сургуулиас шалтгаалсан ялгаа гэж бидэнд байхгүй ээ. Миний хувьд хувь, хувьсгалын сургуулийн олон найзтай. Хэрэв тийм ялгаа харагдаж байгаа бол тухайн хүүхдийн үзэл бодолтой л холбоотой болов уу. Өнөөдөр бид асар их мэдээллийн дунд амьдарч байна. Энд бас ээж аав, багш, амьдарч байгаа орчин ч нөлөөлдөг. Гол эндээс зөвийг нь ялгаж чадах, шүүлтүүртэй байх ёстой.
Х.Батзориг — Үзэл бодолдоо үнэнч байна гэдэг их чухал. Харж байхад ихэнх хүүхэд залуучууд орчин тойрон, аав ээжээсээ бурууг хайгаад байдаг. Тэгсэн атлаа өөртөө буруу өгдөггүй. Гэтэл өөрсдөөс маань олон зүйл шалтгаалдаг юм.
ESA— Англи хэл сурч байгаа туршлагаасаа хуваалцаач?
Х.Батзориг — Хэлийг хүн бүр өөр өөрийн аргаар сурдаг. Хамгийн түгээмэл арга бол англи хэл дээр кино үзэх байна. Гэхдээ доод хадмалыг нь хараад суух биш ойлгож үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл судлангаа кино үзнэ гэсэн үг юм. Бас дуу сонсож болно. Үүн дээр хичээл зүтгэл нэмэгдэнэ. Тэгээд ярьж сурсан хойноо сандрахгүй байх хэрэгтэй. Хүүхдүүд том хүрээнд /англи хэлэнд сайн хүмүүсийг хэлэв бололтой/ орохоороо сандардаг. Үүнээсээ болоод хэчнээн сайн ярьдаг ч өөрийгөө няцааж эхэлдэг. Тийм үед би жишээ нь анхлан суралцагч нартай монгол акцентаар ярьдаг. Хэдийгээр илт давуугаа харуулснаар боловсролтой мэт харагдаж болох ч нөгөө хүнийхээ хүсэл эрмэлзлэлийг тодорхой хэмжээгээр “алдаг”. Тэгэхээр тухайн цагт харилцаж байгаа хүнээ мэдрэх хэрэгтэй юм. Магадгүй зарим нь “Түүн шиг ярьдаг болох сон” гэж өөрийгөө хурцалж болно. Нөгөө нь өөрийгөө сайн гэж бодчихсон байгаад өөр үр дүн хараад гутарч мэднэ.
ESA— Өөр сургалт дамжаанд явдаг уу?
Х.Батзориг — Бага байхаасаа ах дээрээ очиж компьютер тоглоом тоглож өссөн. Энэ нь англи хэл сурахад их тус болсон. Одоо ч би өдөр болгон есөн шидийн youtube бичлэг үздэг. Хальт харсан нь цагаа дэмий нөгцөөж байгаа мэт харагддаг байх. Гэтэл үгүй л дээ. Миний хувьд тэгж суухдаа 10 минут тутамд шинэ зүйлийн тухай мэдэж, өөртөө хадгалж авдаг юм. Манай Joe ч ялгаагүй ээ. Сонирхол нэг болохоор бид хамтдаа хөгждөг.
Joe — Тийм шүү. Бид хамт тоглож, хамт кино үзнэ. Ямар нэг сэдвээр ярилцлаа гэхэд адилхан өнцгөөс харсан байх нь ч бий.
ESA— Тухайлбал, санаа нийлдэг ямар сэдэв байна?
Х.Батзориг - Олон л доо. Сэтгэл зовоосон асуудал ч энд багтана. Жишээ нь өсвөр үеийнхний амиа хорлолт байна. Өнгөрсөн намар Эрдэнэт явж байхад хоёр охин байшингаас үсэрч амиа алдсан. Үнэхээр сэтгэл өвдсөөн. Амиа хорлолт гэдэг бол асар том сэдэв. “Хүн болж төрөх нь сая будаанаас нэг нь зүүний үзүүрт тогтохтой адил” гэж н.Болормаа багш маань хэлдэг юм. Минийхээр түүнээс ч илүү мэт санагддаг. Жишээ нь ээж, аав маань биесээ хайрлаагүй бол би байхгүй. Тэд өөр нэгнийг хайрлаад надаас өөр хүүхэд төрнө. Тэр өөр хүүхэд мэдээж надаас өөр бодолтой нэгэн байна. Тэгээд бодохоор энэ хорвоо дээр хүн болж төрнө гэдэг чинь хэдэн саяд нэг биш хязгааргүйд нэг таарсан хувь тохиол шиг санагддаг. Яах вэ, нийгэм өөрчлөгдөхийн хэрээр олон зүйл өөрсдөө ч анзаараагүй атал өөрчлөгдөж байна. Жишээ нь бид хоёр яг энэ мөчид тантай ярилцаад сууж байна. Хэрвээ бид завгүй байгаад ирээгүй бол арай өөр үйл явдал өрнөх байгаа биз. Энэ мэт жижигхэн зүйлүүд хүрээгээ тэлсээр томроод л байдаг. Гэхдээ энэ амиа хорлолт гэдэг бол хэзээ ч хүрээгээ тэлж болохгүй зүйл.
ESA— Өсвөр үеийнхнийг томчууд ойлгохгүй үе байх уу?
Х.Батзориг — Томчуудаас буруу хайх хэрэггүй. Миний аав, ээж бол намайг маш сайн ойлгож, дэмждэг. Гэхдээ дэмждэггүй байсан үе байсан л даа. Тэгэхэд надад хэцүү байсан ч “Яагаад заавал аав, ээж дэмжих ёстой юм бэ. Муухайгаар бодоход эднийг байхгүй болоход би л үлдэнэ. Тэгээд аав шигээ аав болно. Тэгэхээр би өөртөө л эзэн болох ёстой” гэж бодоод үзсэн сэргэлт болсон шүү. Үнэнийг хэлэхэд түүнээс өмнө хоёр, гурван ч удаа амиа хорлох тухай бодож байсан удаатай. Ялангуяа шилжилтийн үед хэцүү л дээ. Энгийн юмнууд ч их хүнд мэт санагддаг. Ярилцаад суухад сайн найзууд ч ч ойлгохгүй үе байна.
Joe — Бидний үеийн хүүхдүүдийн хувьд өсвөр насандаа сэтгэл санаа тогтворгүй байх нь бий. Тэр үедээ жижигхэн юмыг их хүндээр хүлээж авдаг. Магадгүй тэрийг давж чадахгүйгээсээ болж болчимгүй алхам хийдэг болов уу гэж боддог юм. Үнэхээр амаргүй бол бусадтай ярилцах хэрэгтэй л дээ. Энэ бол түр зуурын юм Хэцүүг амархан мэтээр давж гарах хэрэгтэй. Гадны сургууль бүрт сэтгэл судлаачид ажилладаг. Харин энэ нь монголд дутагдалтай санагддаг. Сэтгэл судлаач бол сэтгэлийн өвчнийг анагаадаг улс. Тэгэхээр үнэхээр хүнд үе ирвэл тэдэнд хандах хэрэгтэй л дээ.
ESA— “Маргааш” юу хийхийг хүсдэг вэ?
Х.Батзориг — Youtube энтертаймэнтийг хөтөлнө гэж боддог.
Joe — Би программын чиглэлээр ажиллана гэж боддог. Тиймээс одооноос өөрийгөө хөгжүүлж, ганц хоёр жижиг программууд бичээд л байна. Харин хэтийн зорилго бол “Google” эсхүл “НАСА”-д ажиллана.
ESA— Зорилго, мөрөөдөл хоорондоо хэр их ялгаатай вэ?
Joe — Зорилго бол мөрөөдөлд хүрэх шат гэж би боддог. Тэгэхээр зорилгоо жижиг жижгээр ахиулсаар мөрөөдөлдөө хүрнэ. Мөрөөдөл том байх тусмаа зорилго том байна.
Х.Батзориг — Би бусдаас энгийн зүйл мөрөөддөг. Эхнийх нь аз жаргалтай амьдрал. Энэ бол миний энэ хорвоод ирсэн шалтгаан бас мөрөөдөл байгаа юм. Гэр бүлтэйгээ халуун дулаан орчинд цагийг өнгөрөөнө гэдэг ирээдүйд дурсах түүхийг бүтээж байгаа хэрэг. Багадаа тийм цагийг өнгөрөөж байгаагүй болохоор үүнийг би одоо ч хүсдэг. Хоёр дахь нь үр удамдаа юм үлдээх. Миний жаргал, зовлонг үр хүүхдүүд маань мэдрэх ёстой. Би тэдэндээ чихэртэй давстай амьдралыг жинхэнэ утгаар нь харуулна гэж боддог. Өнөөдөр хүн төрөлхтөн даяаршиж байна. Гэтэл ихэнх хүн зөвхөн улсаа л гэж боддог юм шиг санагддаг. Санагддаг шүү. Уг нь бид нэг цаг үед нэг дэлхий дээр амьдарч байгаа учраас аливааг өмчилнө гэдэг утгагүй юм. Энд эв найрамдал чухал. Бүтэхгүй мөрөөдлөө хуваалцлаа шүү. /инээв/ Дэлхийн хаана ч ялгаа юу байх вэ. Дайн дажингүй, бүгд аз жаргалтай амьдраасай.
ESA— Залуу насыг хайр дурлалгүй төсөөлөх аргагүй юм, тийм ээ?
Joe — Үнэндээ бидний үеийнхний дунд хайр үнэ цэнээ алдсан. Өнөөдөр үерхлээ, маргааш саллаа. Гэхдээ би өөрөөр боддог. Хайртай хүнтэйгээ үерхэж байгаад дараа нь гэрлэнэ.
Х.Батзориг — Хайр сэтгэл, үерхлийг цагаар хэмждэггүй юм. Хувь хүн хайрыг өөр өөрөөр авч үздэг. Хайр гэхээр зөвхөн хосынх байхгүй. Хэзээ ч нэгнээ орхихгүй найзуудын холбоо бас хайрын нэг хэлбэр. Жишээ нь манай Joe /залуус мөр мөрөө алгадав/ байна.
ESA— Эрчүүдийн нөхөрлөл хол замыг туулдаг гээ биз дээ?
Joe — Найзаа зөв сонгох хэрэгтэй. Харж байхад зарим нь нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгодоггүй. Үерхлийг өнгө мөнгөөр хэмждэг. Хувийн эрх ашгийг бодож бусадтай найзалдаг. Харин Зоригоо бол миний шалгуурт тэнцэж байгаа найз шүү. /инээв/ Одоогийн хүүхдүүд дунд эго гэж аймаар том зүйл гараад ирчихсэн. Ойлгомжтой хэлбэл үнэд орох буюу бидний хэллэгээр худрах юм уу даа. “Та нар ямар худ юм” гээд эхэлнэ. Жишээ нь бид хоёрыг хуралд оролцоод ирсэн гэхээр “худ худ” гэнэ. Тэгээд өнөөдөр брэндийн пүүз өмсчихвөл гоё, бусдад баян мэт харагдана. Сүүлийн үеийн утас барьчихвал, эсхүл баян айлын хүүхдүүдтэй нийлчихвэл муухайгаар яривал “күүл” гэж боддог. Өнөөдөр энэ “эго” найзын үнэ цэнийг алж байна. Хайрыг нь бас ялгаагүй.
ESA— Ярилцсанд баярлалаа. Амжилт залуус аа.