Х.Оюунболд

БНХАУ-ын технологийн компаниуд Засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр хүний оюун ухааныг уншиж, сэтгэл санааны байдлыг тодорхойлдог системийг хөгжүүлж байна. Мөн энэ системийг эмнэлэг,үйлдвэр,галт тэрэг эсвэл зэвсэгт хүчин зэрэг хүн их ажилладаг салбарт хэрэглэж болно гэж “South China Morning Post” сонин мэдээлжээ. Энэ хөгжил дэвшил  нь ёс суртахууны зарчимтай зөрчилдөж болох талаар анхааруулсан байна. Харин энэ системийн тусламжтайгаар хүний оюун ухааныг уншихын тулд  толгой эсвэл малгайнд нь утасгүй жижиг мэдрэгчээ суурилуулна. Ингэснээр хүний тархины долгионыг тогтмол хянах боломжтой аж. Мөн тархины долгионыг хэмжин компьютер руу мэдээллийг илгээх тулд хиймэл оюун ухааны алгоритмыг ашиглах юм. Үүний үр дүнд хүний уур хилэн сэтгэл гутрал болон айдас зэрэг сэтгэл хөдлөлийг илрүүлэх боломжтой. Энэ талаар  Нинбо хотын их сургуулийн тархины мэдрэлийн систем, сэтгэлзүйн багш Жин Жиа “Энэ систем нь тухайн ажилтны сэтгэл санааны талаар мэдээлэл өгнө. Ингэснээр дарга нь түүнийг нэг өдөр амраах эсвэл амар хялбар ажлын байранд шилжүүлэн ажиллуулж болно. Гэхдээ зарим ажил нь  тэднийг хийж байгаа ажилдаа төвлөрөх болон алдаа гаргахгүй байхыг шаарддаг” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин