Ч.ГАНТУЛГА
Румын улсын Орадя хотод болсон Роботын олон улсын тэмцээнд дэлхийн 20 гаруй орны 61 баг оролцжээ. Тэмцээнд манай тамирчид багийн амжилтаар тэргүүн байрт шалгарчээ. Харин ахлах насны ангилалд “Оюуны-Тулга” бүрэн дунд сургуулийн “Go Nomads” баг III байрт оржээ. Багийн гишүүн Б.Ханбилэгтэй ярилцлаа.
–Тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сэтгэгдэл их өндөр байна. Ангийн найз Г.Цэлмэгтэйгээ баг болж оролцсон. Биднийг бэлдэж дасгалжуулсан багшдаа болон гэр бүлийнхэндээ талархсанаа илэрхийлье.
–Роботын төрөлд III байр эзэлсэн. Ямар робот бүтээсэн юм бэ?
-Шулуун замыг зураасын дагуу хамгийн хурдан туулах үүрэгтэй робот.
–Танай робот замаа хэр хурдан туулсан бэ?
-42 секунд, 22 доль. Харин II байрт орсон робот 42 секунд, 11 долийн амжилт үзүүлсэн. Багууд тусгайлан бэлдсэн зам дээр хар зураасын дагуу роботоо явуулах ёстой. Хэрэв хар зураасаа алдвал “өнгөрлөө” гэсэн үг. Аль робот богино хугацаанд даалгавраа биeлүүлнэ тэр баг түрүүлдэг.
-Их бага хугацаагаар хоцорчээ?
-Энэ тэмцээнд оролцсоноор олон зүйл сурч, туршлагатай боллоо. Дараагийн тэмцээндээ илүү хичээвэл бидэнд түрүүлэх боломж бий.
-Дараагийн тэмцээнд оролцохдоо юуг анхааръя гэж бодож байна?
-Эхний байранд орсон роботуудыг харахад ашигласан тeхник хэрэгсэл сайтай байсан. Бид хоёрын хувьд Монголд байгаа тeхник хэрэгслийг ашиглаад роботоо угсарсан. Тэгэхээр чанартай материалаар роботоо бүтээх хэрэгтэй юм билээ.
–Материалаа хаанаас авдаг вэ. Манайд төрөлжсөн дэлгүүр бий юү?
-“Протон” гээд дэлгүүр бий. Ихэвчлэн тэндээс элeктрон хэрэгслээ бэлддэг.
–Нэг робот хэдэн бүтээхэд төгрөгийн зардал гардаг вэ?
-Роботынхоо хэмжээ, хийцээс шалтгаалаад харилцан адилгүй ч дунджаар 200 мянган төгрөг хэрэгтэй.
–Угсрахад урт хугацаа шаарддаг уу?
-Сарын хугацаанд угсарна.
–Чиний хувьд тэмцээний үед ямар ажлыг нь гардаж хийсэн бэ?
-Тэмцээнд оролцохын тулд эхлээд роботоо угсраад, программаа бичих ёстой. Энэ удаагийн тэмцээнд Г.Цэлмэг программ бичиж, би роботоо угсарсан.
–Медалийн төлөөх сүүлийн тэмцээний үеэр юу бодогдож байв?
-Сэтгэл хөдлөлөө барьж, анхаарлаа төвлөрүүлэхийг хичээсэн. Хамгийн гол нь роботынхоо ажиллагааг баталгаатай сайн хийж чадвал бусад зүйлд санаа зоволтгүй. Тэмцээний үeэр эхний байрт орох юмсан гэж хүсч байсан. Робот маань бариа руу дөхөх тусам зүрх зогсох гэж байгаа юм шиг сандрах мэдрэмж төрсөн.
–Хоёр дүү чинь бас тэмцээнд оролцсон гэсэн үү?
-10 настай дүү Б.Хан-Эрдэнийн “Golden Robot” баг “Line Follower Lego” төрөлд III байрт орсон. Багийн гишүүд нь Б.Билгүүн, Б.Түвшинбат, Т.Мөнхтулга. Харин бага дүү Анарын “Alpha OT” баг тус төрөлд V байрт орсон.
–Гэр бүлээрээ тэмцээнд оролцож амжилт гаргаад мундаг юм аа?
-Баярлалаа. Биднийг тэмцээнд оролцоход ээж, аав минь бүх талаар дэмжиж тусалдаг. Тэд минь ойлгодоггүй, дэмждэггүй байсан бол бид ийм амжилт гаргахгүй байсан.
–Робот бүтээх хүүхэд ямар чадвартай байх ёстой вэ?
.-Зарим хүүхэд математиктаа сайн байж л робот бүтээнэ гэж боддог. Гэхдээ хамгийн чухал нь тууштай зан чанар, тэвчээр юм билээ. Ганцхан угсраад робот бүтчихдэггүй. Олон оролдлого, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд зорьсондоо хүрдэг
–Удахгүй ахлах сургуулиа төгсөнө гэсэн. Ямар мэргэжил сонгохоор төлөвлөж байгаа вэ?
-IT инжeнeр болно гэж боддог. Сайн инженер болоод эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулмаар байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин