Р.ОЮУН
МУБИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Х.Тамиртай ярилцлаа.
-Сүүлийн үед хийсэн ажлынхаа талаар товч танилцуулахгүй юу?
-МУБИС сүүлийн дөрвөн жилд хөтөлбөрөө шинэчилсэн. Шинэчилсэн хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлэл хийлгэх ажлыг хэрэгжүүлж байна. Германы магадлан итгэмжлэлээр хоёр хөтөлбөрийг энэ жил оруулахаар төлөвлөж, өнгөрсөн жил гэрээ хийсэн. Өөрийн үнэлгээний тайланг хүргүүлж, урьдчилсан үнэлгээ хийгээд одоо II шатны үнэлгээг өнгөрсөн хоёрдугаар сард манай сургууль дээр ирж хийсэн. Математик, мэдээлэл зүйн багшийн хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлэх ажил үргэлжилж байна.
-Олон улсад магадлан итгэмжлүүлснээр ямар ач холбогдолтой юм бэ?
-Олон улсад магадлан итгэмжлүүлсэн хөтөлбөрөөр гадны улсад манай төгсөгч очиж ажиллахад дипломыг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Тухайлбал, цэцэрлэгийн багшийн сургуулийг төгссөн 20 хүн Германд асрагч хийж байна. Энэ нь манай дипломыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв хүлээн зөвшөөрвөл цэцэрлэгийн багшаа хийж асрагчаасаа гурав дахин өндөр цалин авах боломжтой. Манай дипломыг хүлээн зөвшөөрөөгүйгээс Германы цэцэрлэгийн багш бэлтгэх сургуульд дахин суралцаж хугацаа болон мөнгөө алдаж байна. Тиймээс энэ ажлыг хамгийн түрүүнд хэрэгжүүлэхээр шийдсэн. Хоёрдугаарт, олон улсын магадлан итгэмжлэлт хөтөлбөрийн ач холбогдол нь олон улсын өндөр зэрэглэлийн сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, манайд хоёр, Англи, Герман, Америкт ч юм уу хоёр жил суралцах боломжтой. Ийм боломж нээгдсэнээр манай хичээлийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрнө. Тэнд өндөр үнээр суралцах хоёр жилийг хугацаа алдахгүй хэмнэж байгаа юм. Гуравдугаарт, энэ хөтөлбөрийг олон улсад магадлах нь Монгол Улсын хөтөлбөр боловсруулж ирсэн хандлага өөрчлөгдөж байгаа юм. Олон улсын төвшинд энэ хөтөлбөрийг боловсруулж байж магадлуулна. Тэгэхээр манай багш нарын мэргэжил дээшлүүлэлт, хөтөлбөрийг боловсруулж байгаа байдалд өөрчлөлт орж олон улсын шаардлага хангасан хөтөлбөр болж байна гэсэн үг. Тэгэхээр манай хөтөлбөрийн чанар олон улсын төвшинд байж дээшилж байгаа гэж ойлгож болно.
-Энэ хоёроос өөр ямар хичээлийг энэ хөтөлбөрт хамруулах боломжтой вэ?
-Байгаль, физик, хими, биологи, газар зүйн хичээлийг ирэх жил магадлан итгэмжлэлд оруулна. Энэ нь төгсөгчийн ажлын байрыг хамгаалах, олон улсад суралцах боломжийг нээх, олон улсад хүлээн зөвшөөрөх нөхцлийг нь бүрдүүлэхэд чиглэсэн. 2014-2024 оны МУБИС-ийн хөгжлийн бодлогыг 2014 онд боловсруулж гаргасан. 2024 он гэхэд багш бэлтгэдэг бүх хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлнэ гэсэн зорилт тавьсан байгаа. Үүгээр дамжуулж саяын энэ боломжуудыг бий болгох, багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэл рүү хөтөлж байж бид МУБИС үндэсний болон олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль болох ажлыг хэрэгжүүлж байгаа нь шинэ хандлага юм.
-Гинжилсэн хөтөлбөр гэж юүг хэлээд байна вэ?
-Хамтарсан хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Орос хэлний ангийн хүүхдүүдийг энд хоёр, Оросод нэг жил сурах хөтөлбөр хэрэгжиж байна. Мөн Герман руу оюутнуудыг дадлага хийлгэхээр явуулсан. Тэгэхээр манай хөтөлбөр шинэчлэгдсэнээр үйл ажиллагаанууд, үзэх хичээлүүдийн кредит шахуу болж байна. Өвөрмонголын Багшийн их сургуультай 2+2 хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тэдний бассейн, газрын теннис, 25 мянган хүний суудалтай хөлбөмбөгийн талбайг ашиглаж манай биеийн тамирын оюутнууд ирэх жил тэнд нэг жил энэ хэрэглэгдэхүүн дээр хичээлээ хийхээр гэрээ байгуулсан. Өвөрмонголын Багшийн их сургуультай монгол хэл, уран зохиол, утга зохиол судлалын ангийг нээгээд хоёр жил болж байна. Монголд нэг, Өвөрмонголд нэг жил сураад Монголдоо буцаж ирээд хоёр жил суралцах буюу 1+1+2 гэсэн хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохироод ирлээ. Өвөрмонголын Багшийн их сургуулийн салбар Эрээн хотод байдаг. Тиймээс Эрээн, Өвөрмонгол, Шилийн голоос Монголд ирж сургуулийн өмнөх боловсролын багшаар суралцаж байна. Энэ хүүхдүүд төгсөөд очиход ажлын байр нь бэлэн байгаа. Яагаад гэвэл Монголд ирж монгол соёлтой танилцаж, цэвэр монгол хэлээр ярьж сурахаар тэнд байдаг монгол цэцэрлэгүүд багшаар дуртай авдаг. Энэ хөтөлбөрийн үр дүнд сүүлийн дөрвөн жил Япон, Солонгостой хамтарч байна. Энэ нь оюутнуудын сургалтын чанарт нөлөөлж чадсан.
-Багш, оюутнуудаа солилцоогоор явуулдаг уу?
-Өвөрмонголын Багшийн их сургуульд манайхаас 20 хүүхэд очиход зөрж 20 хүүхэд ирэх болохоор төлбөрийн асуудал яригдахгүй. Энд сургалтын төлбөрөө төлсөн бол тэнд нэмж төлөхгүйгээр сурна. Харин зарим сургуульд бүх юм нь төлбөргүй. Ер нь бүх хамтарсан хөтөлбөр очиж байгаа орондоо төлбөр төлөхгүй нөхцөлтэй. Ингэснээр багш, оюутны хамтын ажиллагаа, солилцоо, туршлага судлах юм. Хамтарсан хөтөлбөрөөр явсан дадлагын оюутнууд ирж бусаддаа тайлангаа тавина.
-Танай сургуульд ийм мэргэжлийн багш хэрэгтэй байна гэсэн захиалга ирдэг үү?
-Аймгийн боловсрол, соёлын газруудаас, аймгуудаас хүсэлт тавьсан хэд хэдэн мэргэжил бий. Тухайлбал, дуу хөгжмийн багш байна. Манай сургууль дуу хөгжмийн багш бэлтгэж байгаа. 20 жил тасарсан ч сүүлийн гурван жил энэ ангийг нээгээд бэлдэж байна. Багш нартайгаа хамтраад Шилийн голын Чибулгийн нэрэмжит сургуультай хамтарч нэг жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Увсын хойд сумдаас дуу хөгжмийн багш хэрэгтэй байна гэсэн захиалга ирсэн. Дуу хөгжмийн багш эрэлттэй байгаа. Дараагийнх нь бага ангийн багш. Засгийн газраас 99 ЕБС барихаар төсөв нь батлагдсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр бүх чиглэлээр багш хэрэгтэй болно. Дээрээс нь 140 цэцэрлэг барихад мөн цэцэрлэгийн багш хэрэгтэй болохоор үүнд анхаарч ажиллаж байгаа.
-Элсэлтийн журамд өөрчлөлт орсон болов уу?
-МУБИС-д элсэж байгаа оюутнуудад олон төрлийн хөнгөлөлт байгаа. Сайн элсэгчийг авч сайн багш болгох, сайн багш төгсвөл сайн хүүхэд, сайн иргэн төлөвшиж бэлтгэхэд улс орны хөгжилд нөлөөлдөг. Тиймээс улсын хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас хамаардаг. Энэ утгаараа төрөөс дэмжлэг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, ЭЕШ-д 751-ээс дээш оноо авсан хүүхэд суралцах төлбөрөөс 100, 650-750 оноотой бол 70 хувь хөнгөлнө. Манай сургууль ЕБС-ийн багш нарын насны бүтэц, хүйсээр судалгаа хийхэд зарим сургуульд захирлаас бусад нь эмэгтэй байсан. Тиймээс эрэгтэй багшийн тоог нэмэгдүүлэх зорилгоор дүрслэх урлаг, технологийн чиглэлээр элссэн эрэгтэй оюутныг сургуулийн зүгээс эхний жилийн сургалтын төлбөрөөс 50 хувь хөнгөлж байгаа. Зарим мэргэжил дээр 550, түүнээс доош оноотой бол сургуулийн тэтгэлэг олгож байна. Мөн сурлага сайтай байвал захирлын нэрэмжит 50 хувийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. Суралцах хугацаандаа хоёр улирал дараалан өндөр голчтой суралцвал захирлын нэрэмжит тэтгэлэгт хамрагдах боломжтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин