Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Глогал олон улсын нийгмийн халамжийн төв, Солонгос дахь монгол эмэгтэйчүүдийн холбоо хамтран ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 80, технологийн 30, хөгжмийн 90 гээд нийт 200 орчим багш нарын дунд “Урлаг-танин мэдэхүйн боловсрол” сэдэвт сургалтыг энэ сарын 22-23-нд зохион байгуулж байна.  Дуу хөгжим, технологийн хичээл заадаг багш нарт өөрсдийн зааж буй хичээлээр дамжуулан хэрхэн хүүхдийн танин мэдэхүй, сэтгэн бодох чадварыг хөгжүүлж болох, хичээлд хандах хандлагыг нь яаж нэмэгдүүлэх арга зүйн шинэлэг санааг тус сургалтаар өгч байна.

Багш нар уг сургалтаас олж мэдсэн арга зүй, мэдлэг чадвараа сурагч хүүхдүүдэд зааж сургах, эзэмшүүлэх, улмаар сурагчид төрөл бүрийн хөгжмийн зэмсэгтэй харьцаж сурах, тэдний сэтгэн бодох чадвар, танин мэдэхүйд гарах өөрчлөлтийг илрүүлэх, урлаг, урлан бүтээх хичээлээр дамжуулан сурагчдын анхаарал төвлөрөл, хүмүүжил, төлөвшилд нөлөө үзүүлэхэд сургалтын зорилго оршиж байгаа гэж БНСУ дахь Глогал төвийн захирал Чон Хан Сү хэллээ. Энэ бүх дадлыг хүүхдүүдэд бага насанд нь зааж сургаснаар хүүхэд хувийн зохион байгуулалттай болон багаар ажиллах чадвартай болох, бие бялдрын хөгжил, хөдөлгөөний эвсэлтэй болох юм.

Өнөөдөр болсон сургалтаар Солонгос улсын Гёнги их сургуулийн багш, Самсён цэцэрлэгийн эрхлэгч Ким Ми Жүнг гарын доорх материалаар хэрхэн бүтээл хийж болох талаар сургалт явууллаа.  Харин маргааш Багшийн хөгжлийн ордонд 09.00-12.00 цагт болох сургалтаар цохилуур хөгжмийн хичээл, дуу авиаг зөв хуваарилан амьсгал зөв авах дадлага зэрэг сургалтыг явуулах юм байна.