Ч.ГАНТУЛГА
БСШУСЯ-ны дэргэдэх Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалтай дээд боловсролын шинэчлэлийн талаар ярилцлаа.
-“Дээд боловсролын шинэчлэл” хөтөлбөрийн гол зорилго нь юу юм бэ?
-Бид мэдлэгт суурилсан нийгэм байгуулахыг зорьж байна. Монголын хүн амын 10 гаруй хувь нь нийгмийн халамж хүртдэг хэсэг. Энэ хүмүүс баялаг бүтээх чадамжгүй. Харин ерөнхий боловсролын сургууль төгссөн хүн мал аж ахуй, газар тариалан гээд өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд чадамжаа ашиглаж байна. Мэргэжлийн болон бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн жижиг дунд үйлдвэрлэлийн төвшинд л ажиллаж байна. Харин бид мэдлэгт суурилсан нийгэм байгуулахын тулд оюуны чадамжаар илүү өндөр бүтээмжийг бий болгох боловсон хүчинг бэлтгэх шаардлага тулгарч байгаа юм.
-Чадвартай байхаас гадна зөв хандлагатай хүн гэсэн нэг шалгуур яваад байна?
-Эзэмшсэн мэргэжлээ ашиглаж чаддаг, хамт олондоо зөв хандлагатай хүнийг бэлтгэх нь энэ төслийн бас нэг давуу тал юм. Үүнд их, дээд сургуулиудын хамтын ажиллагаа их чухал. Тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх зорилтод Монгол Улсын тэргүүлэх чиглэл болох хөдөө аж ахуй, мал аж ахуй, дэд бүтцийг хөгжүүлнэ гээд тодорхойлчихсон. Тиймээс энэ салбарын сайн мэргэжилтэн бэлтгэх нь манай салбарын гол зорилт юм.
-Энэ ажлын эхлэлийг та бүхэн хэрхэн тавьж байна?
-Хүүхэд хүссэн сургуульдаа элсэхэд тухайн сургууль тэр оюутанд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Инженер, сэтгүүлч, багш гээд. Манай төсөл гурван хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээрт, хөтөлбөрийн чанарт нийцэх. Хоёрдугаарт, энэ хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэхийн тулд дээд боловсролын үйл ажиллагааны менежмент, засаглал, удирдлага, зохион байгуулалт, ямар байх ёстой вэ гэдгийг судлах. Гурав дахь нь боловсролын чанартай үйлчилгээг хэрхэн зөв хүртээмжтэй хүргэх вэ. Энэ төслийг зөвхөн хотод хэрэгжүүлэх үү, орон нутгийнхаа дээд боловсролын байгууллагуудыг хэрхэн хамруулах вэ гэсэн үндсэн гурван хэсгийг бид чухалчилж байна.
-Чанаргүй дээд боловсролтон олон байгааг хувийн хэвшлийн сургуулиудтай холбож тайлбарлаад байна. Эдгээр сургуульд ямар арга хэмжээ авах вэ?
-Чанаргүй олон сургуулийг цөөлөх, чадавхижуулах арга хэмжээг авна. Үүнээс гадна элсэгч нь чанартай байх гэсэн шаардлагыг тавьж байна. Элсэгч чанартай байвал хэрэгжүүлж буй хөтөлбөр чинь ажил олгогч юу хүсч байгааг судалдаг болж хувирна. Бид хөтөлбөрийнхөө хүрээнд хөдөлмөрийн зах зээлийг судлах гурван аргачлал гаргасан. Төгсөгчийг мөшгих. Энэ нь тус сургуулийг төгссөн хүүхэд амьдрал дээр гараад юу хийж байна вэ. Дараагийнх нь ажил олгогчийн сэтгэл ханамж. Тухайн сургуулийг төгссөн мэргэжилтэнг авсан ажил олгогчийн сэтгэл ханамж хэр байна вэ. Сүүлийнх нь хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн эрэлт ямар байна вэ. Цаг тутамд техник технологи шинэчлэгдэж буй энэ нийгэмд, эрэлт хэрэгцээнд нь боловсролын салбар яаж нийцэх вэ. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлж чаддаг, шинэ зүйл рүү тэмүүлдэг, бүтээлч хандлагатай мэргэжилтэн л энэ нийгэмд амьдарч чадна.
-Одоогоор ямар сургуульд хөтөлбөр хэрэгжиж байна?
-Төрийн хэвшлийн болон хувийн том сургуулиудад хөтөлбөр хэрэгжиж байна. Бид эхлээд тэр салбарыг хөгжүүлэх онолын мэдлэгийг заавал өгнө. Хоёрдугаарт, тухайн мэдлэгээ ашиглах чадвар дадлыг нь хөгжүүлнэ. Гуравдугаарт, хувь хүний зөв хандлага, хариуцлагатай байх ухамсрыг суулгана. Одоогоор ШУТИС-д инженерийн салбарыг дэмжих “CDIO” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.
-Сургуулиудад чанарыг нь хянах хяналт дутмаг байх шиг ажиглагдах юм?
-Төслийн хүрээнд сургалтын чанарыг хянах программтай болохоор ярьж, судалж байна. Сургалтын шатлал бүхэндээ хяналттай болчихвол чанартай мэргэжилтэн гарна. Бид сургуулиудыг сургалтын бус судалгааны сургууль болгохоор бэлтгэж байгаа. Үүний тулд бид сургуулиудыг ангилна. Монгол хүн эрүүл, боловсролтой, соёл урлаг, үндэсний түүх өв уламжлалтай байх ёстой. Ингээд харахаар МУБИС, АШУҮИС, СУИС-ийг төр, засгаас дэмжих шаардлага тулгарч байгаа юм. Тэд баялаг бүтээхээс илүү нийгэм рүү чиглэсэн ажил хийнэ. Дараагийнх нь жинхэнэ баялаг бүтээдэг сургуулиуд. ХААИС, ШУТИС ч юм уу. Гэхдээ зөвхөн улсын сургуулиар хязгаарлана гэсэн үг биш. Эдгээр чиглэлд мэргэжилтэн бэлтгэдэг хувийн сургуулиудыг ч бид дэмжих хууль эрх зүйн өөрчлөлт хийхээр бэлтгэж байна.
-Манайд 97 их, дээд сургууль бий. Үүний талаас илүү нь магадлан итгэмжлэгдсэн байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ магадлан итгэмжлэгдсэн сургуульд орсноор чанартай боловсрол эзэмшиж байна гэж боддог?
-Магадлан итгэмжлэлийнхээ шалгуур, шаардлагыг шинэчилж байна. Манай улсын хэмжээнд 203 хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн байдаг.Гэтэл үнэхээр энэ магадлан итгэмжлэл зөв яваад тухайн сургуульд, чанарт нь нөлөөлж чадсан бол бид өнөөдөр ийм зүйл яриад суухгүй байсан. Манай сургуулиуд магадлан итгэмжлэлд орно гэхээр хэн нэгэнд зориулж тайлангаа бичдэг. Аль гайгүй өнгөтэй бүхнээ авчраад тавьчихна. Үүний оронд үнэхээр дутмаг, болохгүй байгаа зүйлээ өөрчилье гэсэн сэтгэл алга. Энэ нь магадлан итгэмжлэлийн буруу биш. Тэнд ажилласан шинжээч, сургуулийн захиргааны буруу.
-Үүний цаад шалтгаан нь юу юм бэ?
-Ерөөсөө л багшийн, удирдлагын хөгжил юм. Өнөөдөр Боловсролын их сургуулиас бусад сургуульд багш биш мэргэжилтэн ажиллаж байна. Онц төгссөн учир сургууль нь багшлахыг урьдаг. Эсвэл өөрийнхөө сурсныг бусдад хэлж өгөхсөн гэсэн хүсэл нь давамгайлсан байдаг. Гэтэл багш хүн хүнтэй, хүүхдүүдтэй хэрхэн зөв харьцах, өөрийгөө ойлгуулах чадварыг эзэмшсэн байх шаардлагатай. Тиймээс төслийн хүрээнд багшийн хөгжлийг дөрвөн төвшинд авч үзэж байна. Хамгийн сайн багшийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж буй сургуулиуд хоорондоо туршлага солилцох ажлыг зохион байгууллаа. Боловсролын их сургуулийн илтгэлийг сонсоход их сайхан санагдсан. Учир нь багшийн мэргэжил дөрвөн жил сурдаг мэргэжил гэж онцолчихоод бусад багшийг буруутгаагүй. Харин ч БСШУСЯ болон манай сургууль туслах хэрэгтэй юм байна гэж байсан.
-Энэ жишгээр АШУҮИС-ийн хамт олон Харвардын их сургуультай холбогдсон байна лээ?
-Энэ бол манай төсөл хэрхэн хэрэгжиж байгаагийн том жишээ юм.Гэхдээ зөвхөн АШУҮИС-ийг дэмжсэн юм биш. Бусад сургуульд ч боломж байна. Эцэст нь тэр эмч АШУҮИС байна уу, “Этүгэн” байна уу аль сургуулийг төгсөх нь хамаагүй. Тэд төгсөөд монгол хүнээ хэрхэн эмчлэх нь л чухал. Тиймээс хичээл заах багш сайн байх ёстой. Багш хүн эхлээд судлаач байх ёстой. Салбар нь хэрхэн хөгжиж буйг мэддэг. Цаашлаад ямар боловсон хүчин хэрэгтэйг мэдэрдэг профессор л шинэ инноваци гаргаж, хүүхдүүдээ зөв чиглүүлж чадна. Тиймээс бид багш нараа дэмжихийн тулд төсөл дээр судалгааны грантуудыг олгосон. Судалгааны багуудад тэтгэлэг олгож, шалгарсан төслүүдийг холбогдох яам, Шинжлэх ухаан технологийн санд хүлээлгэж өгсөн.
-Багш нарыг мэргэжлийнхээ чиглэлд хөгжихөд нь дэмжлэг үзүүлж байгаа гэсэн?
-Мэргэжлийнхээ чиглэлээр гадаадын нэр хүндтэй сургуульд суралцах, тусгай программ эзэмших, мэргэжлээ дээшлүүлэхэд нь тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж байна. Тухайн сургуулиар нь баталгаажуулсны эцэст шат дараалсан алхмуудыг хийдэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин