Д.ЭНХЭЭ
ОХУ, Японы боловсролын асуудал эрхэлсэн хороодын зохицуулагч нь Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль болох ажээ. Хоёр орны их, дээд сургуулийн Ассоциацийн дэргэд холбогдох хороод байгуулагдсан тухай ТАСС мэдээлжээ.
Энэ жил Японд болж өнгөрсөн долоо дахь удаагийн форумд хоёр орны 50 их, дээд сургуулийн захирал оролцжээ. Үүнээс гадна Саппород Япон, Оросын их, дээд сургуулиудын Ассоциацийн уулзалтыг зохион байгуулжээ. Хамтарсан судалгаа шинжилгээ, багш, оюутны зайн сургалт, оюутан солилцооны шинэ хөтөлбөрүүд нь шинэ байгууллагын гол зорилтууд юм байна.
Уулзалтаар бодитой ажил үйлд шилжих шийдвэр гаргасан хэмээн зохион байгуулагчдын нэг хэлсэн байна. Тухайлбал, ойрын үед сургалтын хамтарсан лаборатори байгуулж, эрдэм шинжилгээний үндсэн суурь бааз бүрдүүлэх юм байна. Ассоциацийн дэргэдэх боловсролын асуудал эрхэлсэн хороодын зохицуулагчаар Москвагийн болон Хоккайдогийн их сургуулиуд ажиллах шийдвэр гаргажээ. Энэ арга хэмжээ Орос, Японы оюутан солилцооны хөтөлбөрийн эхлэл болно гэдэгт уулзалтад оролцогчид итгэж байгаагаа ч дурдсан байна. Орос болон Японы их, дээд сургуулийн удирдлагын дараагийн уулзалтыг 2019 онд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин