МГТИС-ийн тухай
Сургалт, судалгааны байгууллага болох төрийн өмчит Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь Монголын дээд боловсролын шинэчлэлийн түүчээ загвар, дэлхийн түвшний инженерүүдийн шинэ үеийг бэлтгэх төв болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нарын 2011 оны аравдугаар сард байгуулсан хоёр Засгийн газрын хамтын ажиллагааны гэрээний дүнд 2013 онд тус сургууль байгуулагдсан.
МГТИС нь олон улсын боловсролын сайн туршлага, тэргүүлэх стандартыг Монгол Улсад хэрэгжүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулан, өндөр мэргэшсэн, нийгмийн хариуцлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бүтээлч инженерүүдийг бэлтгэхийг зорин ажиллаж байна. Практиктай уялдсан сургалт, судалгаа явуулах, оюутнуудын мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжих, мөн олон улсын их сургуулийн хувьд сургалт, судалгааны чиглэлдээ Европын чанарын стандартыг дагаж мөрдөж буй нь МГТИС-ийн онцлог шинж юм.
Тэтгэлэг
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь ирээдүйн чанартай боловсон хүчин бэлтгэх зорилгоор олон төрлийн тэтгэлгийг оюутнууддаа олгодог ба Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн оюутнууддаа санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг зорин ажиллаж байна. Мөн оюутнуудад зориулсан тэтгэлгийн цар хүрээг тэлэх зорилгоор аж ахуйн нэгжүүд болон бусад дэмжигч байгууллагатай тогтмол хамтран ажиллаж байна.
Одоогийн байдлаар МГТИС-ийн оюутнууд дараах төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. Үүнд:
- Сургуулийн нэрэмжит тэтгэлэг
- Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны тэтгэлэг
- Оюутны хөгжлийн зээл
- Буцалтгүй тусламж
Сургуулийн нэрэмжит тэтгэлэг:
Сургуулийн нэрэмжит тэтгэлэг нь сургалтын төлбөрийг бүтэн болон хагасаар хөнгөлдөг ба Инженерийн бэлтгэл хөтөлбөр (ИБХ) болон Бакалаврын хөтөлбөрийн бүх оюутнууд хамрагдах боломжтой. Шинээр элсэн орж буй оюутнууд 2-р семестерээс хамрагдаж болох ба тус тэтгэлэг нь семестер бүрд зарлагддагаараа онцлогтой.
Сургуулийн нэрэмжит тэтгэлэг нь дараах төрлүүдээс бүрдэнэ:
1. Шилдэг оюутны тэтгэлэг (сургалтын төлбөрийг бүтэн болон хагасаар хөнгөлөх)
- Сурлагын амжилт болон хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсон байдал
- Сурлагаар эхний 20-д орсон оюутан материалаа явуулах боломжтой ба СОАХА-аас мэдээлэл очно.
2. Манлайлагч оюутны тэтгэлэг (хоёр оюутны сургалтын төлбөрийг бүтэн хөнгөлөх)
- Голч дүн 2.0-оос доошгүй
- Хичээлээс гадуурх болон сайн дурын үйл ажиллагаанд оролцсон байдал
- Манлайлагч зан чанартай, жишээ нь үнэнч, шударга, эерэг хандлагатай, багийн тоглогч байх
3. МГТИС-ийн багш, ажилтнуудын төрөл саданд олгогдох тэтгэлэг (сургалтын төлбөрийг хагас хөнгөлөх)
- Санхүүгийн дэмжлэг үзүүлэх тэтгэлэг (сургалтын төлбөрийг бүтэн болон хагасаар хөнгөлөх)
- Голч дүн 1.7-оос доошгүй
- Тодорхой шалгуурыг хангасан байх, жишээ нь өрхийн дундаж орлого бага, ам бүлийн тоо олон, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй, өнчин гэх мэт
- Холбогдох материалыг бүрдүүлсэн байх, ярилцлагад орсон байх
Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны тэтгэлэг:
Тус тэтгэлэг нь нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрт 2500 евро болон амьжиргааны зардалд сар бүр 200 евро олгодог ба бакалаврын хөтөлбөрийн оюутнууд хамрагдах боломжтой. Шинээр элсэж буй бакалаврын оюутнууд мөн хамрагддаг.