×

ҮНДЭСНИЙ ТАГНУУЛЫН АКАДЕМИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ТҮҮХЭН ТОВЧООН

 

Үндэсний тагнуулын академи нь анх 1997 онд Гэгээрлийн сайдын 209 дүгээр тушаал, УАБХГ-ын даргын 386 дугаар тушаалаар “Тагнуулын Ерөнхий газрын Дээд сургууль” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 350 дугаар тушаалаар “Үндэсний тагнуулын академи” болгон өөрчлөн зохион байгуулсан бөгөөд Боловсролын тухай хуулийн хүрээнд дээд сургуулийн статустайгаар үйл ажиллагаа явуулж байна.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

 

Тагнуулын байгууллагын зорилт, чиг үүргийг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг хэрэгжүүлэх тагнуулын ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах ажиллагаанд тагнахуйн ухаан /тагнуул судлал/, аюулгүй байдал судлалын судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

Дээд боловсролын зэрэг олгох сургалт эрхлэх;

Мэргэшил дээшлүүлэх, давтан сургалт явуулах;

Мэргэшил эзэмшүүлэх сургалт

Тагнуул, аюулгүй байдал судлалын суурь болон хавсарга судалгаа явуулах;

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний төрөлжсөн сэтгүүл, мэдээллийг эрхлэн гаргах.

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

 

Үндэсний тагнуулын академийн Эрдмийн зөвлөл болон Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд хууль зүйн салбарын болон нийгмийн шинжлэх ухааны нэртэй эрдэмтэд ажиллан эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, үр дүн зэрэг асуудлыг хамтын зарчмаар шийдвэрлэдэг.

 

Академи нь  эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг төвлөрүүлэн зохион байгуулж, улирал тутам мэргэжлийн сэтгүүл эрхлэн гаргаж, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг тогтмол хийж ирлээ. Тухайлбал: 2010 онд дэлхийн 10 орны 22 судлаач илтгэл хэлэлцүүлсэн “Монгол Түвдийн 1913 оны гэрээ” олон улсын симпозиум зохион байгуулсан. 2009 оноос хойш “ОХУ”, “БНХАУ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулж байна.

 

“Ардчилсан нийгэм ба тагнуулын байгууллага”, “Үндэсний аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах арга зам”, “Дотоод аюулгүй байдал”, “Гүйцэтгэх ажлын эрх зүйн зохицуулалт”, “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудал”, “Хүний аюулгүй байдал”, “Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал ба үндсэн хуулийн шинэтгэл”, “Монгол Улс дахь Олон улсын эрх зүйн хөгжлийн чиг хандлага”, “Олон улсын эрх зүй ба уул уурхайн салбарын тулгамдсан асуудал” зэрэг сэдвээр эрдэм шинжилгээний хурал, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж хэвшсэн.

 

СУРГАЛТ

 

Дээд боловсролын зэрэг олгох сургалт:

“Аюулгүй байдал “хөтөлбөрийн бакалаврын сургалт;

“Аюулгүй байдал судлал” хөтөлбөрийн магистрын сургалт;

“Аюулгүй байдал судлал” хөтөлбөрийн докторын сургалт;

Мэргэшүүлэх, давтан сургалт:

Мэргэшил дээшлүүлэх;

Давтан сургалт явуулах;

Мэргэшил эзэмшүүлэх сургалт;

Захиалгат сургалт

 

СУРГАЛТЫН ОРЧИН

 

Академи нь бие бүрэлдэхүүний ажиллах, суралцах таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн өрөө тасалгаа, хичээлийн танхим, хурлын танхим, хичээлийн анги, лекцийн танхим, 17 мянга гаруй ном, сурах бичиг, гарын авлага бүхий номын сан, иж бүрэн тоноглосон криминалистикийн кабинет, компьютерын лаборатори, стандартын шаардлагад нийцсэн спорт цогцолбор, тусгай хэрэгсэл, бялдаржуулах тоноглолтой заал, суралцагчийн байр, бие даалтын өрөө, цайны газар бүхий цогцолборт сургалт, судалгааны үйл ажиллагааг явуулж байна.

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3
pressinfo@gia.gov.mn