Түүхэн товчоон
Монгол Улсад дээд боловсролын тогтолцоо сонгодог утгаараа өнгөрсөн зууны дөчөөд оноос эхлэн бүрэлдэж, улмаар 1990 он гэхэд хүний нөөцийн хэрэгцээг үндэсний хэмжээнд хангахуйц түвшинд хүрч, төлөвшиж ирсэн байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт өрнөсөн сүүлийн 20 жилд уг тогтолцоо эн түрүүнд өмч, санхүүжилтийн хувьд өөрчлөгдөж, хувийн хэвшлийн дээд сургуулиуд бий болохын зэрэгцээ бүх нийтийн үнэ төлбөргүй сургалтын тогтолцооноос татгалзаж, төлбөртэй сургалтын хэлбэр рүү шилжээд байна. Ингэснээрээ дээд боловсролын үйлчилгээ зах зээлийн эдийн засгийн харилцааны шинэ нөхцөлд зохицох, их дээд сургууль хоорондын өрсөлдөөн үүсч, сургалтын чанарын асуудал улам бүр чухлаар тавигдах боллоо.
Одоогийн байдлаар, манай улсад анагаах ухааны мэргэжлийн боловсрол олгодог төрийн болон хувийн өмчийн сургуулиуд ажиллаж, бакалаврын зэрэгтэй хүний их эмч, нүүр амны их эмч, хүүхдийн эмч, уламжлалт анагаах ухааны эмч, эм зүйч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилахуйн арга зүйч, эх баригч, сувилагч, эмнэлгийн лаборант, рентген техникч зэрэг чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа ба түүний дотор “АЧ” Анагаах Ухааны Их Сургууль (АУИС) багтаж, бакалаврын зэрэгтэй хүний их эмч, нүүр ам судлалын их эмч, сувилахуйн арга зүйч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэж эх орныхоо эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд өөрийн зохих хувь нэмрийг оруулсаар байна.
Тэгвэл өдгөө 17 дахь хичээлийн жилдээ анагаах ухааны бакалаврын боловсролын 5 мэргэжлийн чиглэлэлээр 3 салбар сургууль, 15 тэнхимд 1800 гаруй оюутан, 120 гаруй багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаагын 84 багш нь эрдмийн зэрэг цолтой, мэргэжлийн дадлага туршлагатай үндсэн багшаар ажиллаж байна. Тус сургууль нь 12 удаа Хүний их эмчийн, 9 удаа Нүүр амны их эмчийн, 7 удаа бакалаврын зэрэгтэй сувилагчийн, 5 удаа хүүхдийн эмчийн төгсөлтийг тус тус хийгээд байгаа бөгөөд 2004 онд анхны төгсгөлтөөр 38 хүний их эмч мэргэжилтэн төгсгөж байсан бол өнгөрсөн хугацаанд нийт 1700 шахам шинэ залуу эмч, сувилагчдыг бэлтгэн гаргасны дотор зөвхөн 2015 онд Хүний их эмч, Нүүр амны их эмч, Хүүхдийн эмч, Сувилагч мэргэжлээр 300 шинэ мэргэжилтнийг Монгол Улсынхаа Эрүүл Мэндийн салбарт бэлтгэн гаргаад байна. Бид зөвхөн анагаах ухааны бакалаврын боловсролтой эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгээд зогсохгүй төгсөлтийн дараах үндсэн нарийн мэргэжил олгох резидентурын сургалтыг эмнэлзүйн 11 мэргэжлийн чиглэлээр явуулж 170 гаруй нарийн мэргэжлийн эмч нарыг, төгсөлтийн буюу академик сургалтыг 8 мэргэжлийн чиглэлээр явуулж Анагаах Ухааны магистрын зэрэг олгож байна. Тус сургууль Боловсролын тухай хууль тогтоомжийн дагуу БСШУЯ-аар 2005 онд анх удаа, 2011 онд хоёр дахь удаагийн байгууллагын магадлан итгэмжлэлд тус тус амжилттай дүн үзүүлж, магадлан итгэмжлэгдсэн ба 2012 онд БСШУЯ-наас зохион байгуулсан Боловсролын байгууллагын аттестатчилалд хангалттай үнэлгээ авч аттестатчилагдаад байна.