Олонлог Академи сургууль нь Математикийн гоо сайхныг соён гэгээрүүлэх Олонлог сэтгүүлийн эрхлэгч, математикийн доктор Б.Баясгалангийн үүсгэн байгуулсан сургууль юм. Б.Баясгалан нь Боловсролын их сургууль, ШУА-ийн Математикийн хүрээлэн, Улаанбаатар их сургууль, Компьютер, менежментийн сургууль, Монгол улсын их сургуульд багшилж, судалгаа хийж байсан математикч юм. Тэр 1993 онд Олонлог сэтгүүлийг санаачилж, 1997 онд математик, эдийн засгийн сургалттай 32-р сургуулийг шинэчлэн байгуулж байжээ. Б.Баясгалан 2002 онд Олонлог төв сургууль, 2015 онд Олонлог Академи сургуулийг тус санаачлан байгуулсан бөгөөд уламжлалт академик мэдлэг, үндэсний стандартыг хослуулсан, суралцагч гоо сайхан, бие бялдар, сэтгэлгээний өндөр соёлтой өв тэгш төлөвшилтэй иргэн болон төлөвшихийг сургалтын үндсэн зорилго гэж үздэг. Олонлог төв сургууль суралцагчийг сурах дуртай, цаашид хөгжиж боловсрох эрмэлзэлтэй, бие даан чөлөөтэй эргэцүүлж сэтгэдэг болгон төлөвшүүлж, багш шавийн эрх тэгш, нээлттэй, ардчилсан, эрх чөлөөт орчныг бүрдүүлж чадснаараа бусдаас ялгардаг юм. Олонлог Академи сургууль нь энэ уламжлалыг өвлөн хөгжүүлж үндэсний шилдэг, манлай сургууль болохыг зорьж байна.