Танилцуулга
Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1999 оны 05-р сарын 03-ны өдрийн 97 тоот тушаалаар “Хэвлэл Мэдээллийн Зохиомж” дээд сургууль үүсгэн байгуулагдсан. Зохиомж дээд сургууль нь 2005 онд анх удаагаа 5 жилээр, 2012 онд 2 дахь удаагаа 2022 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн. 2013 онд олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагад гишүүнээр элссэн. Худалдаа, Зураг авалт, Сэтгүүл зүй зэрэг хөтөлбөрүүд 2015 онд магадлан итгэмжлэгдсэн.
Тус сургууль анх 10 гаруй багш ажиллагсад, 50 гаруй оюутантай байсан бол өнөөдөр 4 тэнхимтэй, 60 гаруй эрдэмтэн багш, ажиллагсадтай 800 гаруй оюутантай болтлоо өргөжин тэлжээ. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд сургалтын үйл ажиллагаа явуулах орчин бүрдүүлэх зорилгоор 3 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй хичээлийн байрыг барьж 2009 онд ашиглалтад оруулсан.
Тус сургууль нь улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд боловсон хүчин бэлтгэх үйлсэд нь үнэтэй хувь нэмрээ оруулж 14 удаагийн төгсөлтөөр 1600 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргажээ. Зах зээлд эрэлт ихтэй мэргэжилтэнг сургаж цаашид тогвортой хөгжиж, өргөжих хандлагыг бий болгож байгаа юм. Жишээ нь зөвхөн Монгол Улсад эрэлттэй байгаа 20 мэргэжилээс “Бага ангийн багш”, “Сургуулийн өмнөх боловсролын багш” хөтөлбөрөөр жил бүр 100 гаруй оюутан элсүүлж байна.
Гадаад хамтын үйл ажиллагаа
Зохиомж дээд сургууль нь гадаад харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьдаг бөгөөд 2005 онд БНСУ-ын Данкүк Их сургууль, БНХАУ-ын Ритани Олон Улсын их сургууль, 2008 онд Италийн Телематик их сургууль, 2010 оны 05-р сард Малайзын их, дээд сургуулиудын холбоо, 2010 оны 09-р сард AISIEK олон улсын байгууллага, 2011 онд БНСУ-ын олон улсын соёл, урлагийн их сургуулиудтай харилцан хамтын ажиллагаанд гарын үсэг зурж, оюутан багш солилцох солилцооны хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Сургалтын орчин
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байх 5 давхар шинэ хичээлийн 1 байртай. 8 давхар болгон өргөтгөхөөр зураг төсөл болон, төлөвлөгөөнд тусгагдсан болно.
Мөн Дуу бичлэгийн студи, FM радио, “Зохиомж” сонин, “Зохиомж-Бизнес” online сонин, Дүрс бичлэгийн лаборатори, Гэрэл зургийн лаборатори, Гаалийн лаборатори, анги бүрт телевиз, лекцийн томхон танхимуудад дэлгэц, проектор ашиглаж байна.
Мэдээллийн технологийг нэвтрүүлэх чиглэлд нээлттэй код бүхий программ хангамжуудыг судлан, заримыг суурилуулан ашиглаж байна. Microsoft office хэрэглээний программаас гадна indesign, interactive, eduis, premier, 3D MAX зэрэг программуудыг сургалтанд ашиглаж байна. Мөн Moodle цахим сургалтын програм, Интернетийн шилэн кабель болон Wi-Fi технологийг нэвтрүүлээд байна.
Зохиомж дээд сургуулийн цахим боловсролын програмын тусламжтайгаар багш оюутнууд хоорондоо орон зай цаг хугацаанаас үл хамааран харилцах, оюутан гэрийн даалгавар ангийн ажил зэрэг зүйлсийг багш уруу илгээх, өөрийн сурлагын амжилтыг тоон байдлаар харах, хичээлийн материалыг хүлээн авах боломжтой. Мөн багш, оюутныг дүгнэх, хичээлийн материалаа байршуулах, төрөл бүрийн форум үүсгэх түүнийгээ удирдах, сорил авах, нэмэлт материал байршуулах зэрэг боломжтой.